Хил гаалийн албанд хүчин зүтгэж байсан үнэрч нохойнууд албанаасаа чөлөөлөгдөж тэтгэвэртээ гарсан байна. Аргентин улсын гаальд олон жил үнэнчээр хүчин зүтгэсэн нэр бүхий 16 үнэрч нохойнуудад хүндэтгэл үзүүлж, тэднийг илүү тайван, амар амгалан амьдралд нь шилжүүлж байгаа юм байна. Эдгээр нохойнуудыг үүрэгт албанаас нь чөлөөлөх ёслол Аргентин улсын амьтны төлөө өдөртэй давхацсан учраас маш сүр дуулиантай болж чадсан байна. Гавьяаны амралтандаа гарч буй эдгээр дайчин ноход нь Өмнөд Америкийн Аргентин улсын хил гааль дээр хүчин зүтгэж байхдаа их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлж чадсан бөгөөд зөвхөн мансууруулах бодис үнэрлэхээс гадна, ам.долларыг үнэрлэж чаддаг байсан юм. Аргентин улс нь гадны мөнгөн дэвсгэртүүдэд ихээхэн хязгаарлалттай ханддаг учраас ам.долларыг их хэмжээгээр нэвтрүүлэхийг хориглодог онцлогтой. Албанаасаа чөлөөлөгдөж буй 16 ноходын дунд 11 настай Како гэгч маш алдартай нохой байгаа юм. Энэ нохой 2010 онд Буэнос Айресын нисэх буудал дээр 1600 орчим кг жин бүхий кокайныг илрүүлж байжээ. Дашрамд хэлэхэд одоогийн байдлаар Аргентин улсын хил гаальд нийт 324 үнэрч нохой ажилладаг байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)