Энэ онд үр тариаг 328,6 мянган га-д тариалах аж. Үүнээс улаанбуудай 300,0 мянган га-д, төмс 13.9 мянган га-д, хүнсний ногоо 8.7 мянган га-д, тосны ургамал 33,0 мянган га-д, малын тэжээлийн ургамал 16.0 мянган га-д, жимс, жимсгэнэ 1,0 мянган га-д тус тус тариалах юм байна.
Үр тарианы тариалалтыг энэ сарын 04-25-нд, төмс, хүнсний ногоог 5 дугаар сарын 10-аас 6 дугаар сарын 10-ны дотор, тэжээл, тосны таримлыг 6 дугаар сарын 05-ны дотор тус тус тариалахаар төлөвлөжээ.
Буудайн үр 171 аж ахуйн нэгж, иргэнд 3.3 мянган тонныг 20 хувийн, шатахуун 350 аж ахуйн нэгж, иргэнд 1.5 мянган тонныг 50 хувийн, ургамал хамгааллын бодис 247 аж ахуйн нэгж, иргэнд 62.1 тонныг 30 хувийн, бордоо 33 аж ахуйн нэгж, иргэнд 500 тонныг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгосон байна. Хүнсний ногооны үр 7,3 тонныг өрхийн тариаланчдад нийлүүлэх бэлтгэл хангажээ. 55 иргэн, аж ахуйн нэгжид 164.0 мянган ширхэг чацарганы суулгацыг 5 жилийн хугацаатай зээлээр олгосон байна. Түүнчлэн хүлэмжийн аж ахуй байгуулах төслийн шалгаруулалтыг шинээр зарлан 26 аж ахуйн төслийг Голомт банкинд хүргүүлжээ. Төслийн хүрээнд 10,0 мянган м2 өвлийн шилэн хүлэмж байгуулах гэрээ байгуулсан байна.
Тариалалтад 2880 трактор, 2170 үрлүүр, 4680 хөрс боловсруулах техник, 326 төмс хүнсний ногооны үрлүүр ажиллахад бэлэн болжээ. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдэх 125-165 морины хүчтэй 132 ширхэг тракторыг энэ сарын 15-ны дотор нийлүүлэх ажээ.
Энэ үеэр Р.Бурмаа сайд "Зарим аж ахуйн нэгжийн буудай стандарт шаардлага хангахгүй байна. Тухайлбал, “Ургац хүдэр” компани гурилын үйлдвэрүүдтэй хэлцэл хийгээд урамшууллаа авсан байдаг. Гэтэл улаан буудай нь 18 хувийн цавуулагтай байсан. Гэтэл намайг энэ буудайг ав гэж шахаж байна. Би жагсаал цуглаан хийсэн учраас стандарт хангахгүй буудайг нь ав гэж гурилын үйлдвэрүүдийг шаардаж чадахгүй. Энэ нь ямар ч боломжгүй. Тиймээс нэг бол стандарт хангасан буудай гэж худлаа хэлж авсан урамшууллаа буцааж аваад, буудайг малын тэжээлд өг. Гадаадад экспортод гаргая гэж байсан. Энэ боломж нь байгаа. Гурилын үйлдвэрт тушаагаагүй, урамшуулал аваагүй буудайг экспортод гаргаж болно. Экспортод гаргах асуудлыг хориогүй. Гагцхүү дотоодын үйлвэрлэгчийг дэмжих хүрээнд татвар төлөгчдийн мөнгөнөөс урамшуулал авчихаад гадагшаа буудайгаа гаргана гэж байгаа бол зүйд нийцэхгүй. Тариалан эрхлэгчид гурил үйлдвэрлэгчдээс мөнгөө авч чадахгүй байгаа асуудлыг тавьсан" гэжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)