Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассад өөрийн улсад өрнөж буй иргэний дайны талаар томоохон мэдэгдэл хийлээ. Тэрээр өчигдөр Дамаскад хийсэн мэдэгдэлдээ өөрийн дэглэм нь цэргийн ялагдал хүлээж буй талаар ярьжээ.
Энэхүү мэдэгдэл дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Учир нь Башар Ал Ассад олон нийтийн өмнө ховор гардаг тул ийм мэдэгдэл хийх болсон нь асуудал ноцтой түвшинд хүрснийг харуулж байгаа юм. Мөн тэрээр энэхүү мэдэгдлээрээ цэргүүд болон дэмжигчдийнхээ санаа бодолд нөлөөлөхийг оролдож байна хэмээн ажиглагчид дүгнэжээ.
Тэрээр Ассадын дэглэмийн үндсэн дэмжигчид нь хуваагдаж, дайсны талд урвах явдал олноор гарснаар цэргийн хувьд ялагдал хүлээж эхэлсэн тухай хэллээ. Гэвч энэ бол бүр мөсөн ялагдаж буй хэрэг биш хэмээн онцолсон байна.
Башар Ал Ассад “Өнөөдөр бид тулаан биш дайнд тулалдаж байна. Дайн бол тулаан биш, олон тулаануудын цуврал юм. Дайнд давших, ухрах, ялах, ялагдах, дээшлэх, доошлох олон үйл тохиолддог нь дайны үндсэн чанар” хэмээн ярьжээ.
Засгийн газрын цэргүүд ойрын долоо хоногуудад хойд, өмнөд нутгийн тулаануудад ялагдал хүлээх болсноор зэр зэвсэг, цэргийн ихээхэн хохирол амссан билээ. Сөрөг хүчнийхэнд Аль–Кайда бүлэглэлийн Сири дэх салбар Нусра Фронт нэгдсэнээр Башар Ал Ассадад ихээхэн цохилт болсон. Энэхүү нэгдлийн дараа тэд томоохон аймгуудын нийслэл болон стратегийн гол хот Жиср Ал Шугхоур болон цэргийн зарим баазуудаа алдсан байна.
2011 онд эхэлсэн дайн 200 мянган хүн амиа алдаж, олон мянган хүн орон гэрээ орхин дүрвэхэхэд хүргэсэн. Башар Ал Ассад өмнө нь хэзээ ч Сирийн дайнд ялагдаж буй тухай дурсаж байгаагүй юм.
Г.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (1)