Балбын шинэ газар хөдлөлтийн чичиргээ камерт ингэж бичигджээ.
Хоёр долоо хоногийн өмнө Балбад газар хөдөлж 8000 хүн амиа алдсан гамшгийн дараа өчигдөр дахин газар хөдөллөө. “BBC” агентлагийн мэдээлснээр газар хөдлөлт Эверест оргилын ойролцоо буюу Балбын зүүн хэсэгт болжээ.
Орон нутгийн албаны эх сурвалжийн мэдээлснээр гамшигт одоогийн байдлаар 48 хүн амиа алдсан бөгөөд 1000 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Мөн хил залгаа орших Энэтхэгт 17 хүн амиа алджээ.
Өнгөрсөн сарын 25-нд болсон газар хөдлөлт 7.8 баллын хүчтэй байсан бол өчигдрийнх 7.3 балл байв. Гэхдээ энэ нь хангалттай хүчтэй газар хөдлөлтөд тооцогддог аж.
Сүүлийн газар хөдлөлт Балбын цагаар 12:35 цагт эхэлсэн бөгөөд нийслэл Катмандугаас зүүн зүгт 76 км-т газар хөдлөлтийн голомт байжээ. Тодруулбал энэ нь Хятадын хилтэй ойролцоо хөдөө нутагт голомттой байв.
Газар хөдлөлт хойд Энэтхэг, Түвд, Бангладеш улсуудад мэдрэгдсэн байна. Энэтхэгийн Дотоод хэргийн сайдын мэдээлснээр тус улсын Бихар мужид 16 хүн амиа алдсан бол Юттар Прадешт нэг хүн амиа алджээ. Харин Хятадын албаныхан Түвдэд нэг хүн амиа алдсаныг мэдээлсэн байна.
Түүнчлэн АНУ-ын Тэнгисийн цэргийн нисдэг тэрэг гамшигт өртсөн хэмээн үзэж байгаа аж. Найман хүн дотор нь явсан нисдэг тэрэг Катмандугийн Чарикот дүүрэгт ажиллаж байгаад сураггүй болсон гэлээ.
Балбын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тус улсын 31 мужийн 75 дүүрэг сүүлчийн газар хөдлөлтөд их, бага хэмжээгээр өртсөн байна.
Энэхүү үйл явдлын дараа Ерөнхий сайд Сушил Койрала олон улс, ард түмэндээ хандан мэдэгдэл хийж дэлхий дахиныг тусламжийн гараа дахин сунгахыг хүссэн байна.
Г.Үжин
www.24tsag.mn