Манай сайт та бүхэнд олны анхаарлын төвд байсан онц ноцтой хэргүүд хийгээд цагаан захтнуудын сунжирсан хэрэг маргаан хэрхэн шийдвэрлэгдсэн талаар цогц мэдээллийг уламжлал болгон хүргэдэг билээ. Энэ удаагийн гэмт хэргийн тоймоороо 2012 оноос шалгагдсан “Нийслэлийн өргөө”-гийн Б.Ганзоригийн хэрэг, лам хүн хүчингийн хэрэг үйлдэж шүүхээс ял авсан зэрэг олон нийтийн сонирхолыг татаад буй хэргүүдийн талаар түүвэрлэн хүргэх болно.
Эдгээр хэргүүд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэдий ч ийм төрлийн шийдэгдээгүй, мөрдөн байцаалтын шатанд явсаар байгаа хэргүүд цөөнгүй байгаа гэдгийг ойлгох биз ээ.
Н.Түмэндэмбэрэлд гурван жилийн ял оноолоо
Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүний хэргийг Авлигатай тэмцэх газраас хоёр жил шахамын хугацаанд шалгаж улмаар энэхүү хэргийг өнгөрсөн сард шүүхээр шийдвэрлэлээ. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж гурван жилийн хорих ял оноосон юм. Н.Түмэндэмбэрэлтэй хуйвалдаж тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болорт хоёр жилийн хорих ял оноожээ. Мөн энэ хэрэгт хамсаатан гэгдэх н.Туулд хоёр жилийн ял оноож, бусад таван шүүгдэгчийн гуравт нь тэнсэн харгалзах ял оноож, хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэднийг тендерийн мөнгийг 2012 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийн данс руу 1.735 тэрбум төгрөгийг MRI соронзон оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлүүлэхэд зориулан шилжүүлсэн. Шилжүүлж авсныхаа дараа “Саммитмедикал сервис” компанийн данс руу нэг тэрбум 720 саяыг нь шилжүүлж, тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл Н.Түмэндэмбэрэл нь бусадтай үгсэн хуйвалдаж өөрийнхөө компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн хэрэгт буруутгагджээ.
Шарил хулгайлсан Д.Энхтөр зургаан сарын баривчилгаанд оров
200 жилийн настай занданшуулсан шарил хулгайлсан гэх Д.Энхтөрийн хэргийг энэ сарын 11-нд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүж түүнд ял оноосон билээ. Шүүхээс Д.Энхтөрийг булш сүйтгэсэн буюу түүнд байсан эд зүйлийг авсан хэрэгт буруутган зургаан сарын хорих ялаар шийтгэсэн юм. Д.Энхтөр нь Архангай аймгийн Цахир сумын нутаг, Содномдаржаа уулын өврөөс занданшуулсан шарилыг хулгайлан хил дамнуулан худалдаалах гэж байхдаа цагдаагийн байгууллагад баригдаж шалгагдаж эхэлсэн. Дашрамд, одоогоор занданшуулсан шарилыг Гандантэгчинлэн хийдэд хадгалж байгаа гэнэ.
“Нийслэл өргөө”-гийн Б.Ганзоригийн ялыг хэвээр үлдээв
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Нийслэл өргөө” ХК-ийн гэх тодотголтой Б.Ганзориг, С.Хавал нарын 11 хүнд холбогдох хэргийг ялтнууд, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэлэлцсэн.
Улмаар Б.Ганзоригт анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай гэж тооцон ял оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тус хэвээр үлдээж, биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Мөн Б.Сьезхан, Б.Ермурат, А.Амирбек, Б.Жандаурен, Х.Хизатбек нарт Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 болгон өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шүүхийн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
Шархадны аймшигт хэргийн сэжигтэн ял авсан ч, давж заалдлаа
Охидыг зэрлэгээр хөнөөсөн гэх хэргээр 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Түүний гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авч, шүүгчид хуваарилахаар болсон байна.
Б.Идэрзаяа нь өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс Хар хошуу хэмээх газар 19-20 насны хоёр охины толгойг нь таслан онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн аймшигт хэргээр ял аваад байгаа юм. Харин Идэрзаяагийн ар гэрийнхэн дүүгээ бусдын золиос болж, хүний өмнөөс хэрэг хүлээж байна хэмээн гомдолтой байгаагаа мэдэгдсэн билээ.
Хүүхэд дайрч аминд нь хүрсэн цагдаад 4 жилийн ял оноов
Өнгөрсөн оны есдүгээр сард Долоон буудлын замд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын “СЭҮ 00-23” улсын дугаартай машин урсгал сөрж, хурд хэтрүүлэн яваад 12 настай охиныг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагч Ц.Ууганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал болж шүүхээс12 настай охиныг дайрч амь насыг нь хохироосон шүүгдэгч Ц.Ууганбаатарт дөрвөн жилийн хорих ял оногдуулжээ. Ар гэрийнхнийх нь хувьд Ц.Ууганбаатарт заавар өгсөн даргыг нь энэ хэрэгт ямар ч шийтгэлгүй үлдэж байгаад гомдолтой байгаа юм.
Хүүхэд хүчиндсэн ламтан 16.6 жилийн ял авав
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат хамба лам “О” нь бага насны охин “А” гэгчийг 2011 оноос 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл удаа дараагийн давтан үйлдлээр биеэ хамгаалж чадахгүй байдлыг ашиглан хүчирхийлсэн, мөн 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдөр батлан даалтанд өгөх, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлджээ.
Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн 44 настай уг этгээд нь мөрдөн байцаалтаас зайлсхийж явах үедээ нэрээ нууцлан Улаанбаатар хотод байр түрээслэн амьдарч байсан ба аймгийн Цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжилж улмаар 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олж баривчлан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.
Дээрх хэрэгт шүүгдэгч О гэгчийг бага насны буюу 12 настай охиныг удаа дараа хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 16 жил 06 сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Л.Гансүхийн хэргийг дахин АТГ-т шилжүүлжээ
Ерөнхий сайд асан Н.Аптанхуягийн ахлах Л.Гансүхийн хэргийг дахин АТГ-т шилжүүлжээ.
Тодруулбал, түүний хэргийг АТГ-аас шалгаж байгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд байсан юм. Харин прокурорын байгууллагаас даалгавар бичиж, АТГ-т буцаасан талаар эх сурвалж мэдээллээ.
Харин АТГ-аас даалгаварт заасан үндэслэлийн дагуу шүурхай шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр дахин прокурорын байгууллагад шилжүүлэх аж. АТГ-аас Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрййн хөрөнгөнөөс 3.5 тэрбум төгрөг завшсан хэмээн мэдээлсэн юм.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдавааг АТГ-аар шалгуулахаар болов
Баянзүрх дүүргийн Засаг дарга, дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдавааг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид АТГ-т өгч шалгуулахаар болжээ. Тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ш.Буянжаргалын хэлснээр, Д.Пүрэвдаваа нь, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, ИТХ-ын бүлгийн төлөөлөгчдийн улирал бүр улсаас авдаг урамшууллын мөнгө болох 136 сая төгрөгийг намдаа хандивлах нэрийдлээр хууль бусаар хураан авчээ. ИТХ-ын АН-ын бүлгийн төлөөлөгчид улирал бүр урамшууллын мөнгө болох таван сая төгрөгийг авдаг байна. Гэтэл уг мөнгийг тэдний дансанд ормогц утасдан дансны дугаар өгч хурдан шилжүүлэхийг шаардан авдаг аж. Иймд АН-ын бүлгийн төлөөлөгчид Д.Пүрэвдавааг хууль зөрчиж байгааг үндэслэн хуулийн байгууллагаар шалгуулахаар удаа дараа гомдол гаргасан ч намдаа хандивласан гэх хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тиймээс тус мөнгийг хаана хэрхэн, яаж зарцуулсан эсэхийг шалгуулахаар дахин АТГ-т хандсан байна.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын алба хаагчид батлан даалтад гарчээ
АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдыг айлган сүрдүүлж, мөнгө өгөхийг шаардаж дарамталсан байж болзошгүй хэмээн үзэж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, мөн хэлтсийн дүүрэг хариуцсан мэргэжилтэн Э.Энхтуяа нарт эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харъяа, хорих 461 дүгээр ангид хориод байгаа талаар эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Н.Баяр, Э.Энхтуяа нарыг батлан даалтаар гарсан талаар эх сурвалж онцлов.
АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд хариуцлага тооцуулна
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нь өөртөө удаа дараа нийт 5 сая 500 гаруй мянган төгрөгийн урамшуулал, мөн нийт 3 сая 100 гаруй мянган төгрөгийн илүү цагийн хөлс олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Түүнчлэн Сүрьеэгийн клиникийн 10 сая 800 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий засварын ажлыг үнийн харьцуулалт хийлгүйгээр “Дойт трейд” ХХК-тай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн байв.
Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хүргүүлсэн албан бичигтээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд хариуцлага хүлээлгэж, цаашид дээрх зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх чиглэлээр нийт эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудад урьдчилан сэргийлэх зорилгоор танилцуулахыг хүслээ.
Д.Ундрах/24tsag.mn/
Сэтгэгдэл (2)