Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж 40 асуудлыг хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудлуудын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.
"Оюутолгой"-н далд уурхайн санхүүжилтийн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа өчигдөр болсон. Тус гэрээнд тусгаснаар далд уурхайд нийт 6 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хийх аж. Далд уурхай нь нийт уурхайн 80 орчим хувийг эзэлдэг юм.
Тус гэрээг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын нэгдсэн Эмират улсад хийж буй айлчлалтай холбогдуулан байгуулсан юм. Тус улс нь нийт 9 сая хүн амтай. Нэг хүнд ногдох ДНБ нь 50 орчим мянган доллар. Дэлхийд зургаадугаарт жагсдаг баян орон юм. 1970-аад оны дунд үеэс газрын тос, байгалийн хий эрчимтэй олборлож эхэлсэн нь эдийн засгийг нь илтэд сэргээжээ. Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд тус улсын дэд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, Шадар сайд нартай уулзахаас гадна Эдийн засгийн чуулганд оролцож үг хэлэх аж.
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болно
Хүүхдийн байгууллагын 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг угтан ирэх сарын 2-3-нд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулахаар бэлтгэж эхэлжээ. Тус хуралдаанд аймгуудын Засаг дарга нарыг оролцуулна. Энэ арга хэмжээний дараагаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан, Засаг дарга нарын семинарыг зургадугаар сарын 4-5-нд зохион байгуулах юм байна. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Орон нутагт үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэрийн сайд Ж.Эрдэнэбат, Хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн зарим ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар мэдээлэл хийж, “Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох” тухай Засгийн газрын тогтоолын төслийн тухай хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн орон нутагт чиглэсэн болон тэнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр зорьж байгаа юм байна. Хуралдааны төгсгөлд аймаг, нийслэлийн Засаг дарга, Тамгын газрын 2014 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаар гарсан Засгийн газрын шийдвэрийг танилцуулж шалгарсан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох аж.
Шинээр байгуулагдсан гал унтраах, аврах ангийн зардлыг шийдвэрлэлээ
Өмнөговь аймгийн Цогтцэций, Хөвсгөлийн Тариалан, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дорнодын Баян-Уул, Завханы Тэс суманд шинээр гал унтраах, аврах анги байгуулсантай холбоотойгоор шаардагдах зардлыг Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцаас гаргахаар шийдвэрлэжээ. 2016 оноос эхлэн холбогдох зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгалаа. Улсын стандартаар 4000-аас дээш хүн ам тутамд нэг гал унтраах аврах анги байхаар заасан. Тус стандартын шаардлага болон гамшиг, гал түймрийн давтамж, учруулж байгаа хохирол жил бүр нэмэгдэж, хүний амь нас, эрүүл мэнд хохирох, гэр, мал эд хөрөнгө өртөж байгаа зэргийг үндэслэн дээрх сумдад гал унтраах, аврах анги байгуулах зайлшгүй шаардлага байжээ. Манай улсад 49 галын анги үүрэг гүйцэтгэж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)