Өчигдөр Монголын Засгийн газар, Рио Тинто групптэй “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудлыг шийдсэнээ баталж гэрээ байгуулав. Ингэснээр хоёр жил гаруй гацаанд орсон “Оюутолгой”-н далд уурхайн 5.4 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэх “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэсэн гэсэн үг. Олон нийт үүнийг "браво" гэж хүлээж авч байна. Гэхдээ улс төрийн хүрээнд тэс өөр нөхцөл байдал үүсч буйг энд дурдъя.
Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын нэгдсэн Эмират улсад хийж буй ажлын айчлалын үеэр болсон нь олны анхаарлыг ихээхэн татаад байна. Уг нь гэрээнд гарын үсэг зурах ажиллагааг Монголд зохион байгуулна гэж хоёр тал төлөвлөж байсан билээ. Гэтэл гэнэт байршлаа сольсон нь олны хардлага болоод шүүмжлэлийг ихээхэн татаад байгаа юм. Монголын хувь заяатай холбоотой асуудлыг хаа холын Арабд шийдсэнд л хүмүүс дургүйцэж байгаа юм. Нөгөөтэйгүүр энд байгуулчихаж болох гэрээнд тэнд гарын үсэг зурсан нь тус гэрээнд нуух зүйл байгаагийн илрэл гэж хардаж байгаа аж.
Тиймээс уг гэрээний асуудал нь эргээд Ерөнхий сайдыг ороож мэдэх нөхцөл байдал үүслээ. Учир нь тэрбээр энэ талаар УИХ-ын гишүүдэд огт танилцуулаагүй байна. Хэрвээ Ерөнхий сайд уг асуудлыг толгой мэдэн явуулсан бол одоо түүнийг огцруулах асуудлыг хөндөнө гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Дураараа авирлаж Монголын том ордыг гадныханд тавьж туулаа гэх том хэрэгт тэр унаж мэдэхээр болов. Тэр огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэсэн үг юм.
Тэднээс гадна УИХ-ын гишүүд намын бүлгүүд уг гэрээний асуудлаар мэдээлэлгүй байсан нь тодорхой байгаа юм.
Энэ талаар мэдээлэл авч байсан эсэх асуудлаар зарим гишүүдээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ч.Улаан: Бүх зүйл ил тод байгаа ч гэдэг шаардлагаар л асуудалд хандана. Тус гэрээг байгуулах мэдээлэл лав надад байгаагүй. Манай бүлэгт байгаагүй байх. Бид бүлэг дээр уг асуудлаар цуглах бүртээ ярьж байгаа. Тэгэхэд энэ мэдээлэл байгаагүй.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Оюутолгой 300 тэрбум төгрөгийн татварыг өмнөх жил төлсөн байна. Эрдэнэт үйлдвэрийн төлсөн татвар 426 гаруй тэрбум төгрөг. 126 тэрбумаар бага гэсэн үг. Энэ төслийн 70-80 хувь нь далд уурхай ажилласан тохиолдолд ашиглагдах төсөл. Эрдэнэтээс 6 дахин илүү хүчин чадлын нөөцтэй гэж үздэг. Далд уурхай баригдсан тохиолдолд тэр зургаа дахин илүү хүчин чадлаар ажиллаж эхэлнэ. Үүнээс үзвэл далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэсэн баримт бичигт гарын үсэг зурах нь хортой биш байж мэднэ. Харин чимээгүй байж байгаад гадаадад очоод баримт бичигт гарын үсэг зурчихаж байгаа нь хардах эрх үүсгэх юм биш биз.Хардахын тулд баримт бичгийг харах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Гэрээнд гарын үсэг зурсан гэдэг мэдээлэл бүлэгт ирээгүй. Яг ямар гэрээнд гарын үсэг зурсныг мэдсэнгүй. Манай талын хүлээх хариуцлага ямар юм. Хоёр тал асуудлаа яаж шийдсэн, Монголын талд ямар үр өгөөжтэй гэдгийг мэдээгүй байна. Ерөнхий сайдыг ирсний дараа мэдээлэл авч дараа шийдвэр гаргана.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Хоёр, гурван асуудлыг шийдэх дутуу байсан. Тэр асуудлаараа шийдэлд хүрсэн болов уу. Надад мэдээлэл байгаагүй.
Үүнээс үзвэл Ерөнхий сайд уг гэрээг нууцаар зүтгүүлсэн нь тодорхой байна. Чухам яагаад ЗГ, УИХ-ын гишүүдэд танилцуулалгүй нууцаар гэрээнд гарын үсэг зурав. Тус гэрээнд хууль зөрчсөн зүйл байгаа учир ингэж байна уу гэдэгт асуудлын гол нь байгаа юм. Нөгөөтэйгүүр уг гэрээг УИХ, Засгийн газарт танилцуулж, тэдний саналыг сонссон бол Тавантолгой шиг гацаах магадлал өндөр байсан байж мэдэх юм. Тиймээс гэрээг нууцаар зүтгүүлсэн байх магадлалтай.
Мөн далд уурхайг ажиллагаанд оруулахад зориулж гаднаас зээл босгоход Монголын Засгийн газар баталгаа гаргаж өгөх асуудал уг гэрээнд тусгагдсан байх магадлалтай гэнэ. Өмнө нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа уг зээлд Засгийн газар баталгаа гаргаж өгөхгүй гэж гүрийж байсан. Харин Ч.Сайханбилэг баталгаа өгч магадгүй болсон нь асуудал үүсгээд байгаа юм.
Дээрх бүгдийг хоёр тал “Маргаантай байсан татварын асуудлаа шийдэн, Оюу толгой компаниас улсын төсөвт 30 сая ам.долларын татвараа төлж, цаашид ажлын байр нэмэгдүүлэн, зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр Монголын эдийн засагт дорвитой нөлөө үзүүлж гадаадын шинэ хөрөнгө оруулагчид орж ирэхэд түлхэц болно” гэсэн үгээр хаацайлж байна.
Саяхан л татварын өрөө төлөхгүй гэж байсан Рио Тинто 30 сая доллараа үг дуугүй төлөхөө мэдэгдэж ажлын байрхан мэтийг нэмнэ гэдгээр монголчуудыг хуурч байна гэж хүмүүс ярьж эхэллээ.
Ийнхүү учир нь үл ойлгогдох асуудлуудын дунд Оюу толгойн ордын нөөцийн 80 хувийг эзэлдэг далд уурхайн ажил хөдөлж эхэллээ. Ерөнхий сайдыг ирсний дараа саарал ордонд ямар үйл явдал болох нь олон хүний сонирхлыг татаад байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (67)