“Алдарт” 16 дугаар байрны оршин суугчдыг энэ бямба гарагт гэрт нь эргэн оруулахаар болжээ. Энэхүү таатай атлаа тааламжгүй мэдээллийг сонсоод тус байрны сууринд хөрсний хүчитгэл, бэхэлгээг хэрхэн хийж байгаа болон тухайн байрны иргэд гэртээ эргэн орох бэлтгэлтэй байгаа эсэхийг сонирхолоо.
Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хорооллын 16 дугаар байрны орчимд ирвэл угсардаг төмөр хашаагаар байрыг хашиж, “орохыг хориглоно цагдаа” гэсэн бичиг бүхий тууз татжээ. Харин хашааны дотор тал байрны өмнө Цагдаагийн явуулын постыг байрлуулж, цагдаа нар байрыг эргэн тойрон хамгаалалтаа авсан хэвээр байв.
Хамгаалалт хийж буй цагдаа нараас байрны оршин суугчдыг амралтын өдөр байранд нь оруулах гэж байгаа нь үнэн эсэхийг тодруулбал “Бид тэр талаар мэдэхгүй байна. Харин ойрын өдрүүдэд оршин суугчид нь байраа эргэж тойрох нь ихэссэн” гэв.
Зэргэлдээх байрны өмнө нарлаж суусан хүмүүсээс дээрх асуултаа тодруулбал “Харин тийм ээ. Нөгөө олон хүний толгойг залгих шахсан барилгатаа буцаагаад л хүмүүсийг нь оруулах гэж байгаа гэсэн. Уг нь бол тэгэж таархааргүй л баймаар юм. Энэ олон давхар барилгын суурь хэдхэн тонн цементэнд тогтож чадах уу. Ер нь хэдэн жилийн дараа энэ барилга нурж, олон хүний амь нас эрсдвэл хариуцлагыг нь хэн хүлээх юм. Бидэнд ч гэсэн түгшүүртэй санагдаж байна. Ойр орчмоор нь явах, ингээд нарлаад сууж байтал нурвал яанаа гэж айж байна” гэцгээн хүн бүр дор бүртээ дургүйцлээ илэрхийлэн сурвалжлага хийхээр очсон биднийг загнаж, басхүү зэмлэж орхив.
Харин бид барилгын чанар аюулгүй байдалд анхаарал хандуулдаг хүмүүс болон иргэдэд бодит мэдээлэл хүргэхээр явж байгаагаа дахин тайлбарлавал 16 дугаар байрны оршин суугч гэх нэгэн настайвтар эмэгтэй “Энэ байранд амьдрах нь аюултай гээд сүр дуулиан болгож, биднийг нүүлгэчихээд одоо болохоор “зүгээр байранд нь эргүүлж оруулна” гээд байгаа нь үнэхээр сонин санагдаж байна. Уг нь гэр орондоо орох дургүй, зочид буудлаар хоног төрүүлээд явахыг хэн бодох билээ. Гэхдээ бидэнд эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хэн өгөх юм бэ. Над мэтийн настай хүн гэртээ ганц нэгээрээ байж байтал 23-ных шиг зүйл болоод гарцгаа гэвэл яах вэ. Энэ бүгдийг бодолцсоны үндсэн дээр л оршин суугчдыг гэрт нь оруулах хэрэгтэй. Ер нь албаны хүмүүс энэ барилгын суурь нь бага зэрэг л хазайсан. Нөгөөх барилга барихаар хундаам ухсан “Би Жи Би Жи” ХХК-ийн буруугаас болоогүй ч байж магадгүй. Өөрөө хазайсан байх ухааны юм яриад байгаад нь үнэхээр их гомдож байна. Ер нь хэдэн тонн цемент цутгаж ухсан нүхийг нь булчихаад л бидний амыг таглах гээд байх шиг санагдаж байна. Энэ байр орон чинь бидний нэг насаараа хөдөлмөрлөж байж авсан ганц хөрөнгө. Гэтэл одоо ямар ч үнэ цэнэгүй басхүү тайван амьдрах баталгаагүй болчихлоо шүү дээ” хэмээн хоолой зангируулан өгүүллээ.
Түүний энэхүү яриаг сонсоод үнэхээр л нэг насаараа хуруу хумсаа хугалан байж авсан байр нь хэн нэгэн хариуцлагагүй эрхэмийн алдаанаас болж үнэгүйдэж байгаад харамсах, өрөвдөх сэтгэл төрж байсныг нуух юун. Харин дээрх оршин суугчаас ахин өөр зүйл тодруулж, зураг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлвэл “зураг хөргөө авахуулахгүй ээ. Өөр зүйл ч яримааргүй байна” гээд дургүйцэв.
16 дугаар байрны буурь хөрсний хүчитгэлийн ажил хэрхэн хийгдэж байгааг сонирхохоор байрны зүүн талд очвол саарал төмөр хашаа хатгаж, зүүн үзүүрт нь харуулын байрыг байрлуулжээ. Хашаан дээр Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хороо 16-р байрны буурь хөрсний хүчитгэлийн ажил. Зохиогч Нийслэлийн зураг төслийн хүрээлэн. Захиалагчийн хяналт гүйцэтгэгч НХОГ-ын хяналтын алба. Хөндлөнгийн хяналт гүйцэтгэгч 16-р байрны СӨХ-ны гишүүд гэсэн танилцуулгыг наасан харагдав. Харин харуулын үүрэг гүйцэтгэж байсан хүнээс тус ажлыг гүйцэтгэж байгаа “Бумбод” ХХК-ны удирдлага болон инженерүүдээс мэдээлэл авах хүсэлтэй байна хэмээвэл “Дөнгөж сая Баянгол дүүргийн Засаг дарга ажлыг гүйцэтгэж байгаа компанийн удирдлагатай ирж нөхцөл байдалтай танилцаад явсан. Одоо мэдээлэл өгөх хүн байхгүй маргааш /өнөөдөр/ бүх хэвлэл мэдээллийнхэн мэдээлэл өгнө гэсэн. Тийм болохоор дотогш нэвтрүүлэх боломжгүй” гэсэн хариултьг өгөв.
Харин хөрсний хүчитгэлийн ажлын хэрхэн хийж буйг хөндлөнгөөс ажиглавал 16 дугаар байр, "Гарма Гаржид үржин пэрэнлайлин төв"-ийн сууринд тулгаж ухсан нүхний ирмэгийг дахин нурахаас сэргийлж цагаан шуудайнд шороо хийж өржээ. Харин 16 дугаар байрны суурин хэсгээс буурь хөрсний хүчитгэлийг хийхээр төлөвлөсөн бололтой цементлэх ажлаа эхлүүлсэн байлаа. Ингэхдээ төмөр арматураар бэхэлгээ хийж өнөөх цагаан шуудайтай элсээ наад талаас нь цементлэж байгаа харагдав.
Бид мэргэжлийн хүмүүс биш болохоор учрыг нь нэг л сайн ойлгосонгүй. Энгийн хүний нүдээр харвал энэ ажил нь ёстой л “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэх ч болж байх шиг санагдлаа. Түүнчлэн буурь хүчитгэлийн ажил энэ бямба гарагаас өмнө дуусч оршин суугчид гэртээ орох боломж бүрдэнэ гэдэгт итгэл нэг л төрсөнгүй. Энэ сарын 6-ны өдөр эхэлсэн гэх уг ажлын явц тийм ч хангалттай биш харагдаж байсан юм. Учир нь 16 дугаар байрны ердөө суурин хэсгийг амсуулах төдий л хүчитгэлийг хийжээ. Харин цааш хэдэн метр урттай хийх зэргийг тодруулах боломж бидэнд олдоогүй юм.
Ямартай ч энэхүү ажил нь олон хүний эрүүл мэнд, амь настай холбоотой болохоор чанар аюулгүй байдалд нь анхаарал хандуулж байгаа хүмүүс нэгийг бодож, стандарт норм дүрмийн дагуу хийгдэж байгаа гэдэгт итгэж басхүү залбирах л үлдлээ.
16 дугаар байранд амьдардаг 49 өрхийн 244 иргэнийг Засгийн газрын 2011 оны 340 дугаар тогтоолын дагуу нүүлгэн шилжүүлсэн. Ингэхдээ тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй зургаан зочид буудалд нийт 178 иргэнийг байрлуулсан билээ. Харин хатуухан хэлэхэд зочид буудлаар хоног төөрүүлж буй оршин суугчидтай уулзаж, тэднийг хэрхэн амьдарч байгаа, нурах шахсан байрандаа амьдрах сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа эсэхийг сонирхохоор “Эрхэс” зочид буудлыг зорилоо. Буудлын ресепшнээс тухайн буудалд 16 дугаар байрны хэдэн оршин суугч амьдарч байгаа болон тэдэнтэй уулзахаар ирсэн гэдээ хэлэхэд “Манай буудалд 100-гаад хүн байгаа. Харин ихэнх хүмүүс нь өдрийн цагаар хичээл сургуульдаа явчихдаг болохоор өрөөндөө байгаа хүн бараг байхгүй л байхдаа. Гэхдээ өөрөө ороод үз” гэв. Ийнхүү нэлээд олон өрөөний хаалга тогшиж байж нэгэн оршин суугчтай уулзаж, яриа авах хүсэлтэй байгаагаа хэлвэл яриа өгч болноо гэхдээ зургаа авахуулахгүй шүү хэмээн бидний сонирхосон асуултад хариулт өгсөн юм.
Ч.Амарбаясгалан 16 дугаар байрны оршин суугч
-Та энэ буудалд хэн хэнтэйгээ амьдарч байна вэ?
-Байр нурах гэж байна гэсэн орой аав, ээж дүүтэйгээ дөрвүүлээ энд ирсэн. Харин аав ээж хоёр маань тухлахгүй даралт нь ихсээд ээж эгчийнх рүү аав найзынх руугаа явсан. Эгчийнх маань олуулаа болохоор тэр. Харин одоо дүү бид хоёр л энд байна.
-Буудалд хэр тухлаж байна. Хоол ундаа яаж байгаа вэ?
-Мэдээж яаж тухтай байх вэ дээ. Хэцүү л байна. Уг нь байранд маань тийм эмгэнэлтэй зүйл болоогүй байсан бол бид гэртээ халуун бүлээрээ сайхан л байх байсан. Гэтэл одоо нас өндөр болсон аав ээж хоёр маань тусдаа, даралт нь ихсээд хэцүү л байна. Харин хоол ундыг буудлаас өгч байгаа. Өдөрт өглөөний цайтайгаа нийлээд гурван хоолтой. Хэдий бэлэн хүний хийсэн хоолыг идэж байгаа ч хоолшихоор муу л байна даа.
-Бямба гарагт та бүхнийг байранд нь оруулна гэсэн таатай мэдээлэл байна. Энэ талаар?
-Харин тиймээ. Уг нь бол гэр орондоо очно гэхээр сайхан л санагдаж байна. Гэхдээ хэзээ нурах бол, нөгөө хөрсний хүчитгэл нь найдвартай болов уу гэсэн айдас их л байна даа. Ер нь бидний амьд явах баталгаа, байрыг нурахгүй гэх баталгааг хэн өгөх нь тодорхойгүй байна. Уг нь бол байрыг нурах гэж байна гээд л биднийг нүүлгэсэн. Одоо болохоор хүчитгэл хийсэн зүгээр л гээд байгааг нь нэг сайн ойлгохгүй юм.
-Тэгэхээр та байрандаа буцаж орох дургүй байна гэсэн үг үү?
-Уг нь бол дургүй л байна. Тэглээ гээд яах вэ дээ. Нэг насаараа ингэж буудлаар явалтай нь биш. Насан туршдаа айдас тээгээд л амьдрахаас биш. Би ч яах вэ аав ээж хоёр маань л айж сандараад даралт нь ихсээд байгаа нь хэцүү байна.
24tsag.mn Б.Батчимэг
Сэтгэгдэл (7)