УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог нар Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг өргөн барина гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Тэд 19 гишүүний гарын үсгийг цуглуулсаныхаа дараа тогтоолын төслөө өргөн барих юм байна.
Ерөнхий сайдыг огцруулах болсон үндэслэл нь түүний Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсантай холбоотой аж.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Үүнийг тэд маш их буруушааж байгаагаа мэдэгдлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянга, "Дахиад зөвхөн далд уурхайд зориулж 4,7 тэрбум доллар зарцуулна гэж байна. Үүний 34 хувийг монголчууд бид төлнө. Оюутолгой анхны хөрөнгө оруулалтаа нөхөөд дуусмагц Монголын тал 51-ээс доошгүй хувийг эзэмших ёстой гэсэн шийдвэрийг УИХ гаргасан байхад Засгийн газар нэмж өр тавих асуудлыг ганцаараа шийдвэрлэж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг гэж үзэж байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болох үед би Оюутолгойн гэрээг муу явуулбал өөрийн биеэр огцруулах саналыг өргөн барина гэж хэлсэн. Тиймээс би өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргаж байна" гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын дүнг УИХ-ын зөвшөөрөлгүй нэмэгдүүлж байгааг буруушааж байв. Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Оюутолгойн гэрээ анхны гэрээгээр 2021 оноос монголчууд ашгаа хүртэх байсан боловч энэ гэрээгээр 2030 оноос наашгүй боллоо. Ер нь цаашид ашиг хүртэх үгүй нь тодорхойгүй байдал руу шилжиж байна" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Оюутолгой бол дэлхийд хамгийн том орд. Нөөц нь цаашид нэмэгдэх магадлалтай. Оюутолгойн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүх бололцоог УИХ гаргаж өгсөн. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт тодорхой хэмжээнд эдэлж байгаа. Гэтэл ийм гэрээ хийснийг эсэргүүцэж байна" гэсэн юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (27)