БНСУ-ын Чонжү хотын цагдаагийн газар тус хотод оршин суугч Монгол улсын иргэн эмэгтэй Б-г хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт холбогдуулан саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Тэрбээр энэ сарын 16-ны өдрийн өглөөний 07.00 цагийн орчим хамтран амьдрагч монгол залуу Г-тэй маргалдаж, түүнийг цааш харан зогсож байхад араас нь хоолны хутгаар олон удаа хутгалж хүнд бэртээсэн хэрэг үйлдсэн гэдгийг албан бус эх сурвалж мэдээллээ.
Монгол Улсын иргэн Г нь эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Тэрээр 2008 онд Солонгос улсад нэг сарын хугацаатай аялал жуулчлалын визээр очсон боловч визийн хугацаандаа эх орондоо буцалгүй Солонгос улсад хууль бусаар амьдарч байсан байна. Харин хамтран амьдрагч Б нь түүний энэ байдлыг ашиглан маргалдсан үедээ “Цагдаагийн газар мэдүүлж эх оронд нь буцаалгана" гэх мэтээр дарамталдаг байсан гэдгийг ойр дотны хүмүүс нь мэдээлжээ.
Харин Цагдаагийн газар гэмт хэрэг үйлдсэн хамтран амьдрагч эмэгтэйн тухай үнэн зөв мэдүүлэг өгөхөөс татгалзсан байна.