“Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн 1000 км хурдны авто замын геотехникийн суурь судалгаа, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажил ид өрнөж байна. Уг хурдны авто зам нь БНХАУ-ын Тэнжин боомтоос эхлэн Монголын нутгаар дайран өнгөрч ОХУ-ын Транс-сибирийн замтай Улаан-Үүд хотод нийлэх юм. Замын хамгийн урт хэсэг нь манай улсын нутаг дэвсгэрээр өнгөрөх ба Алтанбулагаас Замын-Үүд хүртэл нийт 1000 орчим км үргэлжилнэ.
Монгол Улсад анх удаа олон улсын стандарт бүхий транзит тээврийн хурдны авто замыг тавих ажлын эхлэл энэ билээ. Тэгвэл уг замын ажлын хүрээнд Туул гол дээгүүр хоёр км үргэлжлэх хурдны замыг тавихаар болжээ.
Учир нь тус хурдны зам нь Шувуун фабрик, Био комбинатын дундах Туул голыг дайрах аж. Тиймээс тус хоёр газрыг холбосон 2 км урт гүүр барихаар болсон нь энэ юм байна.
Гүүрийн хийц, дизайныг гаргахаар Монголын зам гүүрийн инженерүүд болон Гадаадын архитекторуудын хамтарсан баг ажиллаж байна гэж Чингис Лэнд Девелопмент Группын инженер мэдэгдлээ. Загварын хувьд нилээн орчин үеийн шинжтэй байх гэнэ.
“Алтанбулаг–Улаанбаатар–Замын-Үүд” чиглэлийн замыг төсөвт хүндрэл учруулахгүйгээр тавина. Тодруулбал, Концессийн гэрээгээр Чингис Лэнд Девелопмент групп гардан гүйцэтгэх юм. Өнөөдрийн байдлаар ТЭЗҮ-ээ боловсруулж дуусаад батлуулсан гэж мэргэжилтнүүд хэлж байна. Мөн замынхаа трассыг эцэслэн тогтоож, шаардлагатай геологи, геодези, хөрсний судалгаагаа хийж байгаа гэнэ. Замын зургийн ажил ид хийгдэж байгаа тухай уг компанийн инженер нь ярьсан юм.
Т.Энхэлээ