Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн улсын Эмират улсад албан ёсны айлчлал хийгээд өчигдөр 18.00 цагт эх орондоо ирлээ. Тэрбээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буусан даруйдаа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Сэтгүүлчдийг яаравчлан цуглуулж, давчуу цагт мэдээлэл хийх болсон шалтгаан нь мэдээж “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг шийдвэрлэсэн гэрээнд гарын үсэг зурсантай холбогдоно. Тэрбээр энэ талаар албан ёсны тайлбарыг өгөхөөр ийнхүү хэвлэлийн хурал зарлажээ.
Ерөнхий сайд Эмират улсад хийсэн айчлалаа үр дүнтэй болсон гэдгийг онцлоод долоо хоногийн дотор 8 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг Монголд оруулах үүд хаалгыг нээж өглөө гэв. Тодруулбал, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн 6 тэрбум, Энэтхэгийн Засгийн газрын 1 тэрбум долларын зээл, Эмиратын хөрөнгө оруулалтын сангийн хүрээнд орж ирэх 1 тэрбум доллар нийлээд 8 болж байна гэсэн үг юм. Харин Оюутолгойн нууц гэрээ гэх мэдээлэлтэй холбоотой асуудлаар тэрбээр доорх тайлбарыг өглөө. Тэрбээр Дубай хотод ямар нэгэн нууц гэрээ үйлдээгүй гэдгээ мэдэгдэв. Мөн тус гэрээг удахгүй олон нийтэд ил болгоно гэсэн юм. Тэр үед УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлээд буй шиг 6 тэрбум долларын барьцаанд Оюутолгойг барьцаалсан уу гэдэг нь ил болох юм.
Ингээд онгоцны буудалд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Ч.Сайханбилэг: -Дубай хот нь АНУ-ын Нью-Йорк хотын дараа ордог санхүү, эдийн засгийн том төв. Тус хотод Оюутолгойн төсөл урагшлах шийдвэр гарсан нь дэлхий дахинд хурдан хугацаанд сурталчилагдлаа. Хөрөнгө оруулагчид Монгол улсын Засгийн газарт баяр хүргэсэн үйл явдал үргэлжилж байна. Ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Далд уурхайг түргэвчлүүлж ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Холбогдох аж, ахуй нэгжүүд, байгууллагын дарга нар зурсан. Өнөөдрөөс Оюутолгой Засгийн газрын болон Улс төрийн асуудал биш болсон. Харин эдийн засгийн болон компани хоорондын асуудал. Тиймээс улс орноо боддог л юм бол улс төрчид Оюутолгойн асуудлаар хутгалдах шаардлагагүй болж байна. Тиймээс цаашид Эрдэнэт үйлдвэр шиг орхих хэрэгтэй. Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэхтэй холбогдуулаад хэд, хэдэн зүйлийг хэлье. Нэгдүгээрт, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудлыг аль, аль тал нь тавигдаагүй. Мэдээж нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байгаа. 2009 оны гэрээг үндэслэсэн. Мөн оны ТЭЗҮ-ээр хоёр тэрбумын хэтрэлтийн асуудлыг ярьдаг. Бид аль, аль талаасаа 1.2 тэрбумын ТЭЗҮ-ийн хэтрэлтэнд удирдлагын зардлын төлбөрөө төлөөд бусдыг төлөхгүй байхаар тохиролцсон. Монголын талд ашигтай бас нэгэн зүйл нь Удирдлагын менежментийн зардлыг 6 хувь байсныг 3 хувь болгож чадсан. Хоёр талаас ажлын хэсэг гарч бүх зардлыг хянах боломжтой болсон. Өмнө нь Монголын тал өгөөжийн 53 хувийг авна. Рио Тинто 47 хувийг авна гэж байсан. Манай зүгээс гадны хоёр ч том компанийн зөвөлгөөг авсан. Ингээд ярилцаж тохиролцсоны үндсэнд 54.9 хувийг манай тал авахаар болсон нь манайд бол маш ашигтай хувилбар юм. Үүнээс илүү ашигтай хувилбар байхгүй. Татварын асуудлыг шийдсэн учраас дахин татвартай холбоотой элдэв асуудал гарахгүй. Нэмж 30 сая долларын татвараа авахаар болсон. Гэрээний дагуу 2009 оны гэрээнд тусгасан болон Монголын хуулиар шийдвэрлээд явна. Төлөвлөгөөнд нууц, далд зүйл байхгүй. Гэрээг албан ёсоор маргааш /өнөөдөр/ Засгийн газрын вэб хуудсанд тавьж ил болгоно. Оюутолгойн гэрээ манайд орж ирэх гадны хөрөнгө оруулалтыг хааж, боож байсныг харж болно. Оюутолгойн гэрээ зурсны дараа Монгол улсын ЗГ-ын бондын хувь, хэмжээ, үнэлгээ, Худалдаа хөгжлийн банкны бондын хүү, Оюутолгойн Туркойз Хилл-ийн бонд огцом өссөн. Бид үүнийг хүсч, сүүлийн жилүүдэд ажилласан. Одоо хөдөллөө. Үр дүн ийм байна. Бид ийм үр дүнгийн явсан. Далд уурхайн ажил Монгол улсын эрх ашигт бүрэн нийцсэн гэдгийг Ерөнхий сайдын хувьд шууд хэлэхийг хүсч байна. Тиймээс одоо хувь улс төрчийн тоглолтыг болиулж Монгол улсын эрх ашгийг өөрийнхөө оноо цуглуулах ажлаас дээгүүрт тавья. Одоо ажил хийх цаг болсон. Дараагийн ээлжинд Засгийн газартайгаа хамтраад Тавантолгойн асуудлаа шийдэхийг хүсч байна.
Ерөнхий сайд АНЭУ-ын Ерөнхий сайдтай уулзан хоёр орны харилцааны талаар ярилцаж, давхар татвар, гадны хөрөнгө оруулалтуудыг хамгаалах болон хоёр улсын хооронд шууд нислэг үүсгэх гэрээ хэлэлцээрийг хийх талаар хэлэлцжээ. Хэрвээ уг асуудлуудаар амжилттай гэрээ хийж чадвал нөгөө талаас хөрөнгө оруулалтыг оруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Мөн АНЭУ-аас 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл өгөх боломжтойгоо мэдэгдсэн байна.
Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
-Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх төлөвлөгөөг батлахдаа манай тал ямар асуудлууд дээр буулт хийсэн бэ?
-Харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Одоо дараагийнхаа ажлыг шийдвэрлэнэ. 14 банкнаас хөрөнгө оруулалтыг босгох ёстой. Засгийн газрын ажил дууссан. Компани хоорондын ажил эхэлсэн. Өдөр, шөнө, цаг наргүй ажиллах ёстой.
-14 банкнаас хөрөнгө босгохдоо Оюутолгойг өөрийг нь барьцаанд тавина гэж зарим гишүүд мэдэгдэж байгаа. Энэ үнэн үү. Мөн уг гэрээний асуудлыг яагаад гадаадад шийдэв?
-Саяын асуудал 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулагдсан асуудал. Уг асуудал руу огт ороогүй. Нуугдаж, хулгайгаар гэрээ хийгээгүй. Өмнөговь аймаг, Улаанбаатар, Лондон, Сингапур, Дубай зэрэг хотуудад дамжаад шат дараалсан уулзалтууд болсон. Асуудлаа дуусгаж чадах уу, үгүй юу гэдэг ч асуудалтай байсан. Харин энэ удаа бүх асуудлаа шийдсэн учраас Ерөнхий сайдын зүгээс гарын үсэг зурахыг зөвшөөрсөн.
-“Оюутолгой”-н борлуултын мөнгө нь гадны банк, санхүүгийн байгууллагуудаар дамжаад байгаа шүү дээ. Уг асуудлаар ярилцсан уу?
-Хэлэлцээрийн үед уг асуудлыг байнга ярилцаж ирсэн. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр уг асуудал нээлттэй байгаа. Өнгөрсөн хугацаанд манай тал нөгөө талтай ярилцахгүйгээр төсвийн хуулинд шинэ орлого тавьсан. Мөн татварын байцаагч нар 2-3 удаа дансыг нь хааж байсан учраас бид нарын хооронд итгэлцэл байхгүй болсон байна. Одоо бид нэг завинд суусан. Цаашдаа нэг зорилгын төлөө явах ёстой.
-Хөрөнгө оруулалтын хэмжээ яагаад өсчихөв. Өмнө нь 4.2 тэрбум гэж төсөөлж байсан. Одоо 6 гэсэн тоо ярихаар үл ойлголцол үүсч байна?
-Ямар ч уул, уурхайн төсөл байнга хөрөнгө оруулалтыг шаардаж байдаг. Далд уурхай Оюутолгойн 80 хувийг эзэлдэг. Тиймээс далд уурхайг эхлүүлэхийн тулд хөрөнгө оруулалт шаардлагатай. Явцын дунд ч хөрөнгө оруулалт шаардагдахыг үгүйсгэхгүй. Тухайн үед ТЭЗҮ-ээ баталж, хяналтаа тавиад явбал уг асуудлыг зохицуулах боломжтой. Оюутолгой хөдөлнө гэдэг бол Монгол улсын эдийн засаг тэр чигээрээ хөдөлнө гэсэн үг юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (16)