Дөрөвхөн настай охиныхоо амийг зэрлэгээр хөнөөсөн Т.Цогт гэгч этгээдийг хэргээсээ мултрахаар янз бvрийн арга хэрэглэж байгаа талаар шуугих болов.
Учир нь тvvний ах, эгч нар нь бvгдээрээ хуулийн байгууллагад нөлөө бvхий албан тушаал хашдаг гэсэн мэдээлэл цацагдаж эхлээд байгаа юм. Тиймээс тvvнийг хамтран амьдрагч Г.Маралмаа руу бvх буруугаа чихэж, охиныг хөнөөсөн алуурчин болгохоор улайрч байгаа гэх хардлагууд нийгэмд байна.
Мөн Г.Маралмаагийн хувьд хэрэг гарах үед жирэмсэн байсан нь хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байж магадгүй гэдэг үүднээс бүх хэргийг түүнд тохож магадгүй гэж харах хүн цөөнгүй байна.
Тэдний шүүх хурал өчигдөр болох байсан ч прокурор сургалтанд сууж байгаа учир ирэх сар болтол хойшилсон юм.
Сэжигтэн Г.Маралмаа “Т.Цогт охиноо ээж дээрээ очно гэж уйлаад байхаар нь зодсон. Аймаар зодоод байхаар нь би очиж салгасан” гэж мэдvvлэг өгсөн бол Т.Цогт “Миний хамтран амьдрагч Г.Маралмаа намайг эзгvй байхад охиныг минь зодож, загнаж, хоол унд өгөхгvй, бие засуулахгvй хорьдог байсан” гэжээ. Ямартай ч хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч, прокурор энэхvv хэргийн vнэн зөвийг олж, тэнгэрт одсон охины гомдлыг заавал тайлах болно гэж ихэд хичээж байгаа талаар олон хvн хэлж байгаа нь сайшаалтай ч гэмт этгээд ял завших вий гэсэн хардлага байсаар байгааг нуух юун.
Дээрх хэргийг хөндлөнгөөс ажиглаж байгаа маш олон хүн бий. Тодруулбал, “Ээж бүхний дуу хоолой” ТББ, охиноо бусдын гарт харамсалтайгаар алдсан Ц.Гончиг нар шүүх хурлын процессийг ажиглаж, байгаа билээ.
Ингээд 2008 оны долдугаар сард Ө.Хэрлэнчимэг нарын гарт 15-хан настай охиноо харамсалтайгаар алдсан Ц.Гончигтой уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.
-Дөрвөн настай охины хэрэг таны талийгаач охины хэрэгтэй их төстэй байна гэдэг үүднээс та шүүх хурлыг хөндлөнгөөс ажиглана гэсэн. Тодруулбал, таны охины хэрэгт хууль хүчний байгууллагын алба хаагчдаас их л нөлөөлсөн. Үүнтэй адил энэ хэрэгт ч хууль хүчнийхнээс нөлөөлөх магадлал өндөр байна гэж харж байна уу?
-Сэжигтнүүдийн ард хууль хүчнийхэн байвал их хэцүү. Хамгийн гол нь хууль хүчний нөлөө байсан ч тэр нь мэдэгддэггүй юм. Гагцхүү сүүлд нь л мэдэгддэг хор уршигтай.
Т.Цогт өөрөө хууль хүчний байгууллагад ажилладаг байсан юм чинь хамаатан садан, найз нөхдөөс нь эрх бүхий алба хаагчид байх нь дамжиггүй гэж харж байгаа.
-Т.Цогтод үүсгэсэн эрүүгийн хэргийн зүйл заалтын тухайд иргэд маш их гомдолтой байгаа. Өөрөөр хэлбэл, хамтран амьдрагч Г.Маралмаагаасаа хамаагүй хөнгөн зүйл ангиар хэрэг үүссэн байна?
-Ний нуугүй хэлэхэд хамгийн гол буруутан нь Т.Цогт өөрөө шүү дээ. Т.Цогтын зүйл заалт хөнгөн байгаа нь цаанаа их зүйл хэлээд байна.
-Таны хувьд өнгөрсөн жилүүдэд хууль шүүхийн шинэчлэлийн асуудлыг их хөнддөг байсан. Одоо шүүхийн шинэчлэл их хийгдэж байна. Ямар санал бодолтой байна?
-Шүүхийн шинэчлэл нэг үеэ бодвол сайжирчээ. Өчигдөр шүүх дээр л гэхэд иргэний танхимаас шүүх хурлыг ажиглаж суулаа. Нээлттэй танхимтай болж, цахимжсан нь маш том давуу тал. Мөн гэрч, хохирогчийг хамгаалах хууль, Тахарын алба байгуулагджээ. Энэ нь хохирогч талд маш хэрэгтэй шинэчлэл болж байна. Өмнө нь охины маань хэрэг гарах үед ийм зүйл байхгүй байсан.
-Хүний аминд хүрсэн этгээдийг Өршөөлд хамруулах, ял хойшлуулах зэргийг эсрэг бат зогсдог иргэн хүний хувьд санал бодлоо дайгаач?
-Хүний аминд хүрсэн этгээдийн тухайд ял авсан ч тэдэнд шагнал шүү дээ. Хэдэн жилийн ял авч шоронд орно. Улсаар үнэгүй тэжээлгэж, татвар төлөгчдийн мөнгөөр бүтсэн дулаан байранд сууж байгаад л ялаа дуусч эрх чөлөөтэй болдог. Харин хохирогч нар бол хохироод л үлддэг. Ёстой л нөгөө үхсэний хохь, амьдын зол болдог гэдэг чинь энэ.
-2008 оны Ө.Хэрлэнчимэг нарын хэрэгт таны өмгөөлөгчөөр одоогийн УИХ-ын гишүүн О.Баасанхүү ажиллаж байсан санагдаж байна. Та хоёрын хувьд сэжигтнүүдийн талд үйлчилж буй алба хаагчдад сануулга өгүүлэхээс эхлээд Ерөнхийлөгчид хүртэл хүсэлт илгээж байсан. Ёстой эцсээ хүртэл тэмцэсний эцэст сэжигтнүүд зохих ялаа авсан. Энэ хэргийн тухайд хохирогч охины ээж, өмгөөлөгчид хандаж юу зөвлөмөөр байна?
-Өчигдрийн шүүх хурал дээр бол хохирогчийн өмгөөлөгч хүртэл байхгүй байсан. Тэгэхээр ийм хэрэг хаашаа ч эргэж магадгүй. Шударга үнэнг дэнслэх чухал хүн бол өмгөөлөгч.
Өмгөөлөгч шударга, үнэний эрэлд тэмцсэн байж чадвал ямар ч сэжигтэн ял завшихгүй. Ер нь ямар ч хэрэг өмгөөлөгчөөс шууд хамааралтай гэж хэлж болно.
О.Баасанхүүгийн хувьд тухайн үед талийгч охины минь хэргээс гадна маш олон хүнд хэргүүдэд өмгөөлөгчөөр ажилласан. Бүр өөрийнхөө зардлаар Солонгос хүртэл явж хохирогчийн ар гэрт тусалж байсан. Өмгөөлөгч шударга үнэн, чин сэтгэлээсээ зүтгэж чаддаг байна гэдэг үнэхээр чухал гэдгийг би өөрийн биеэр туулж харсан. Хохирогч хүн бол өмгөөлөгчийнхөө гарыг л хардаг. Тэгэхээр энэ талийгаач охины ээжийн хувьд маш сайн өмгөөлөгчид хандахыг зөвлөж байна. Өмгөөлөгч хоёр талд үйлчлээд байвал тэгээд л тэр хэрэг буруугаар эргэнэ.
Миний охины хэрэг дээр л гэхэд сэжигтний талд бараг 10-аад өмгөөлөгч баг болон ажиллаж байсан. Маш хүнд байсан. Энэ бүхнийг шударгаар шийдэхэд манай өмгөөлөгч л тусалсан.
Нөгөө талын өмгөөлөгчид бол зохион байгуулалттайгаар нэг, хоёроороо шүүх хурлыг тасалж хойшлуулдаг байсан. Бүр олон жил, олон арван удаа хойшилсон шүү дээ. Тухайн үед өмгөөлөгчид өгөх арга хэмжээ ч гэж байдаггүй байсан. Тэгэхээр ямар ч хэрэг дээр өмгөөлөгчийн ур чадвар л гол. Миний охины хэрэг дээр бол О.Баасанхүүгээс өөр хүн өмгөөлөл үзүүлсэн бол бараг л бусад өмгөөлөгчидтэйгээ нийлж, хэрэг замхрах байсан ч байж мэдэх юм.
-Таны хувьд хохирогчийн ээжтэй уулзаж чадав уу?
-Уулзаж чадаагүйээ. Бяцхан үрээ алдсан хүнд ямар байх нь ойлгомжтой. Хамгийн гол нь би тэр аавыг нь л гол буруутан гэж бодож байна. Аав нь танидаг талаараа яваад ял завшвал үнэхээрийн харамсалтай байна. Г.Маралмаагийн хувьд жирэмсэн байсан. Жирэмсэн хүн тийм зүйл хийх үү гэдэгт гайхаж л байна. Тэр Т.Цогтын хувьд бол айж эмээсэн зүйл огт ажиглагдахгүй байна лээ. Харин ч бардам зогсож харагдсан.
Эр хүний хувьд, тэр охины эцгийг буруутгаж байна. Үнэхээр хүүхдээ харж чадахгүй байсан бол ээжид нь өгчихсөн бол өдийд охин амьд л байх байсан. Бүр болохгүй бол мань мэтээс эхлээд захын хүн харж хандаж чадна шүү дээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (16)