ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Япон улсад айлчлах гэж буйтай холбогдуулан тус улсад бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн талаар "Итар-Тасс" агентлаг мэдээллээ.
Одоогоор Оросын төрийн тэргүүн хэзээ тус улсад айлчлах нь тодорхой бус байгаа юм байна. Гэвч зарим эх сурвалжийн мэдээлснээр ойрын хугацаанд буюу ирэх сард байх магадлал өндөр гэнэ.
Японы тал В.Путины айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм. Учир нь энэ үеэр хоёр тал олон жил яригдсан ч бүрэн шийдвэрлэж чадаагүй байгаа маргаантай арлуудын асуудлыг шийднэ хэмээн хүлээгдэж байгаа юм. Тодруулбал, Өмнөд Курилын арлуудын асуудлыг эцэслэн шийдвэрлэж, энхийн хэлэлцээр байгуулна гэж найдаж байна.
Токио хотноо айлчилж буй ОХУ-ын Төрийн думын спикер С.Нарышкиныг Гадаад хэргийн сайд М.Комура нь хүлээн авч уулзжээ. Японы Либерал-ардчилсан намын орлогч дарга, Гадаад хэргийн сайд асан Масахико Комура энэхүү үйл явдлыг онцлоод “Бид ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Японд хүрэлцэн очихыг хүсч байна” гэжээ.
2014 оны намар В.Путин Япон улсад айлчлах ёстой байсан ч Украины хямралаас үүдэн Япон, Орос хоёр улсын хоорондох айлчлал цуцлагдсан юм.
Г.Үжин