Нийслэлийн ЗДТГ, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар хамтран зохион байгуулж буй “Иргэн цэргийн бахархалын өдөр”-ийн үйл ажиллагаа эзэн Чингис хааны талбайд болж байна.
Уг өдрийн хүрээнд “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах арга хэмжээ, ”Монгол цэргийн жавхаа’’ үзүүлэх тоглолт болох юм. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд ЗХЖШ-ын дэд дарга, хурандаа Б.Амгаланбаатар илтгэл өгсөн бөгөөд үүний дараа нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ тус шалгаруулалтыг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа гэдгийг тэмдэглээд нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ. Ингэснээр ”Монгол цэргийн жавхаа’’ үзүүлэх тоглолтоор тус арга хэмжээ үргэлжилсэн ба зэвсэгт хүчний 016, 311, 084, 0164, хилийн 0151, 0164, 0252 болон Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Батлан хамгаалахын их сургууль зэрэг байгууллага монгол цэргийн жавхааг илтгэсэн жагсаал үзүүлж сонирхуулав.
Тус уралдааны хоёрдугаар шатанд шалгарсан 9 ангиас гадна мөн үеэр ОХУ-ын Москва хотод болсон Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцсон цэргийн алба хаагчид, ОХУ-ын Ангарск хотод болсон цэргийн парад оролцсон Батлан хамгаалахын их сургуулийн "Тэмүүжин өрлөг" сургуулийн дунд сургуулийн сурагчид оролцохоор байраа эзлээд байна. Жагсаалын дараагаар эхний 4 байрт шалгарсан ангид "Өргөмжлөл", биеийн тамирын иж бүрдэл гардуулна. Тэргүүн байрт шалгарсан ангид “Тэргүүний тохижилттой, жагсаалч анги” өргөмжлөл, орон сууц, биеийн тамирын иж бүрдэл, дэд байрыг өргөмжлөл, орон сууц, биеийн тамирын иж бүрдэл, гутгаар байрыг өргөмжлөл”, орон сууц, биеийн тамирын иж бүрдэл, тусгай шагнал өргөмжлөл, 4 сая төгрөг, биеийн тамирын иж бүрдлээр тус тус шагнаж урамшуулах юм. Шагналын орон сууцыг анги нэгтгэлийн Захирагч нарт олгох бөгөөд өмнөх жилүүдийн уралдаанд байр эзэлж орон сууц авч байсан бол штабын даргад олгох юм. Түүнчлэн энэ үеэр амжилттай оролцсон 5 ангид талархал гардуулснаар үдээс өмнөх арга хэмжээ өндөрлөнө. Тус арга хэмжээний хүрээнд орой 19 цагаас нийслэлийн төв талбайд үдшийн цэнгүүн болно.
Сэтгэгдэл (1)