Хилээр, ялангуяа урд хөршөөс оруулж ирдэг мотоцикль хөдөө орон нутгийн /уул хад, бартаа ихтэй, замгүй/ нөхцөл, онцлогт тохирдоггүй, техникийн аюулгүй байдлыг хангаагүй, баримт бичиггүй байх зөрчил нэлээд гарч байгааг холбогдох байгууллагууд байнга шахуу сануулдаг. Улмаар МХЕГ-аас техникийн гэрчилгээгүй мотоцикль худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулсан.
Улмаар 2013-2014 оны нэгдүгээр улиралд улсын хилээр 43 мянга гаруй мотоцикль орж ирсний 97 хувь нь БНХАУ-ын үйлдвэрийнх байсан талаар дэлгэсэн нь олны анхаарлыг ихэд татаад байна.
Үнэхээр энэ тоо үнэн бол манай улс мотоциклоор яахын аргагүй БНХАУ-аас хараат болжээ.
Үүнд анхаарал хандуулах цаг хэдийнэ өнгөрсөн мэт. Гэвч мотоцикл худалдан авагч иргэд хийгээд энэ асуудалд анхаарал хандуулах ёстой холбогдох албаныхан дахин дахин анхааралдаа авах хэрэгтэй байна.
Түүнчлэн МХЕГ-аас 2013 онд улсын хэмжээнд мотоцикльтэй холбоотой 330 осол, зөрчил гарч 112 хүн амиа алдан, 191 хүн гэмтэж бэртсэн талаар мэдээлжээ. Гэтэл 2014 онд энэ тоо баримт өссөн үү, бууран уу гэдэг олны сонирхолыг татаж байна.
Юутай ч танадалт судалгаанаас үзвэл иргэд уул хадтай, замгүй, бартаа ихтэй газар хурд хэтрүүлдэгээс мотоциклийн обуд нь хагарч цууран осолддог байна. Өнгөрсөн удаад бид яг ийм төрлөөр осол гарч нэг өдрийн дотор таван мотоциклтой хүн амиа алдсан талаарх харамсалтай мэдээллийг хүргэж байсан билээ.
Манай улсад мотоцикль эзэмшигч, ашиглагч, тэдгээрт хяналт тавих харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалт, холбогдох эрх бүхий байгууллагаас хэрхэн ашиглах талаар зөвлөмж, зааварчилгаа байдаггүй учир Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх боломж хомс. Гэхдээ аймгуудын Мэргэжлийн хяналтынхын орон нутгийнхаа Замын цагдаагийн байгууллагатай хамтран осол, зөрчлөөс сэргийлэх, мотоциклоор хүн тээвэрлэж байгааг зогсоох шаардлага тавьж, зөвлөмж зааварчилгаа өгөх зэргээр боломжтой бүх арга хэмжээг авч байна.
Цаашид импортоор оруулж ирж байгаа мотоциклийн стандарт, чанарт анхаарах, манай нөхцөлд тохирох эсэхийг тогтоох, мотоцикль оруулж ирж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэл өгөх, улсын хилээр нэвтрүүлэхэд хил, гаалийн хяналтын байгууллагаас хийх үзлэг, шалгалтын ажилд мөрдөх эрх зүйн акт гаргах шаардлагатай болжээ Мөн шат шатны Засаг дарга нар иргэдийнхээ мотоциклийг улсын бүртгэлд оруулж, улсын дугаар өгч хэвших, аюул, осолгүй эзэмшиж, ашиглах талаар сурталчилгаа, таниулга, зөвлөмж, санамж өгч байх хэрэгтэй байна.
24tsag.mn