Эрчүүдийн цэвэршилт гэж юу вэ?
Эрэгтэй хүний хувьд бие организмд ялгарах эр өэлгийн дааврын ялгарлаар эмэгтэй хүмүүсээс ялгагдаж, бүдүүн хоолойтой, бадриун, хүч чадалтай биетэй байх ба энэ дааврууд нь насанд хүрсэн хүний бэлгийн хэвийн үйл ажиллагаа, бодисын солилцоог зохицуулдаг. Гэтэл байгалийн жамаар хүний нас ахих тусам бэлгийн дааврын ялгаруулалт багассанаар цэвэршилт үүсч эхэлдэг байна.
Үүнтэй холбоотойгоор бие организмд ихээхэн өөрчлөлт ордог. Бодисын солилцоо буурснаар биеийн ерөнхий байдал суларч, артерийн даралт ихсэх, зүрх судасны системийн өвчлөл нэмэгдэх, цус харвалт, зүрхний шигдээсээр өвдөх эрсдэл ихсэхээс гадна таргалалт явагддаг байна. Үүнээс илүүтэйгээр эрэгтэй хүний бэлгийн хэвийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсноор сэтгэл санааны хувьд маш том хямрал явагддаг байна. Энэ үед эрүүл мэндээ сайтар хамгаалж, сэтгэл санаагаа тайван байлгах, аливаад өөдрөг, идэвхтэй хандах зэргээр өөрийгөө удирдан жолоодож чадваас энэхүү жам ёсны үйл явцыг тайван, хэвийн даван туулах боломжтой аж.
Эрчүүдийн цэвэршилт эхлэх болон үргэлжлэх хугацаа
Эмэгтэй хүн ч энэ насандаа цэвэршиж эхэлж, хөгширдөгийн нэгэн адил эр хүн ч байгалийн жамаар 50-60 насандаа цэвэршиж эхэлдэг. Гэтэл сүүлийн үед цаг агаар, хэрэглэж буй хоол унд, сэтгэл санааы тайван бус байдал, амьдралын хэмнэлийн өөрчлөлт зэрэг шалтгаануудын улмаас эрчүүдийн цэвэрших нас залуужсаар байна. Үүний жишээ нь эрчүүдийн маань эрүүл мэнд их муу болж ,өвдөлтийн нас хэт залуужсан,бэлгийн замын халдварт өвчин олон удаа тусах, бүрэн гүйцэт эмчлүүлэхгүй орхих зэрэг нь эрчүүдийн цэвэршилт эрт эхлэхэд хүргэж байгаа юм.
Цэвэршилт эрт эхлэхэд хүргэдэг хэд хэдэн өвчнүүд бий. Хамгийн нийтлэг нь түрүү булчирхайн үрэвсэлтэй холбоотой болон дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой өвчлөлүүд юм. Үүнд БЗХӨ олон тусах нь маш хортой. Түрүү булчирхайтай холбоотой өвчин нь булчирхайн гаралтай өвчин, голомтот үрэвслүүдийг үүсгэж, нөхөн үржихийн эрхтэнүүдийг гэмтээдэг учир эмчийн хяналтанд байх шаардлагатай аж.
Эрчүүдийн цэвэршилтийн үргэлжлэх хугацаа янз бүр байдаг бөгөөд зарим хүнд 3-5 жилд явагдаад дуусдаг бол заримд нь түүнээс ч олон жил явагддаг байна. Хугацаанаасаа эрт эхэлж, удаан үргэлжлэх нь эр хүнд их хэцүү тусдаг. Хожуу эхлүүлж, богино хугацаанд явагдаж дуусгах нь тухайн хүний эрүүл мэндээ хэр зэрэг анхаардгаас шалтгаална.
Биед мэдэгдэх шинж тэмдэг
Биеийн байдал суларч, оюуны чадвар доройтох, нойр хөнгөрөх, бэлгийн үйл ажиллагаа хямрах, ууц нуруугаар хөших зэрэг шинжүүд нийтлэг илэрдэг. Мэдээж ажлын онцлог,ачаалал, стресс, ядаргаа зэргээс шалтгаалаад уг шинж тэмдэг биед илрэх нь элбэг. Гэвч энэ нь урт хугацаанд үргэлжилбэл эрэгтэйчүүдийн эмчид хандах нь зүйтэй. Зүрх судас, даралт, мэдрэл, биеийн ерөнхий дархлаа зэрэгтээ анхаарч, өвдсөн тухай бүрт нь мэргэжлийн эмчид хандахад аюулгүй. Харин энэ шинжүүд харьцангуй эрт эхэлбэл андрологийн эмчид яаралтай хандахдаа битгий эргэлзээрэй.
Цэвэршилт эрт эхэлж буйгийн бусад дохионууд бол шөнө олон шээх, дур хүсэл буурах, ядрах, зүрх өвдөх, тамирдах, нүүр ам бадайрах зэрэг болно. Мөн хэрэв танд цэвэршилт эрт эхлэхэд нөлөөлдөг өвчлөлүүд болох түрүү булчирхайн үрэвсэл, төмс дааврын үрэвсэл, элэг, бөөрний үрэвслүүд илэрч байгаа бол мөн эрэгтэйчүүдийн эмчид хандаарай. Эдгээрийг эмчлүүлэхгүй бол цэвэршилтийг түргэсгэх нөлөө үзүүлдэг байна.
Энэ үед юуг анхаарвал зохих вэ?
Хамгийн гол нь эрэгтэй хүн өөрийгөө үр хүүхэддээ, хань ижилдээ, найз нөхөддөө, эх орондоо хэрэгтэй хүн гэдгээ ойлгох хэрэгтэй. Цэвэршилт жам ёсоороо явагдаж байгаа бол үүнд санаа зовох зүйл байхгүй, энэ бол байгалийн хуулиараа явагдаж байгаа зүйл. Иймээс сэтгэл санаагаар тайван байж, өөрийгөө хөгширсөнд тооцолгүйгээр идэвхтэй, эрч хүчтэй, амьдралын баяр баясгалантайгаар амьдрах хэрэгтэй. Ингэж байж чадаж гэмээнэ энэхүү хямралыг богино хугацаанд амжилттай даван туулж чадна. Цэвэршилтийн төгсгөлийн шатандаа хүний бие организм дасан зохицож (дааврыг нэхэх нь багасаж) сэтгэл санаа ч, бие организм хэвийн, тайван байдалдаа ордог.
Цэвэршилт эрт эхлэхээс сэргийлэх нь
Цэвэршилт эхлэх насыг хойшлуулахын тулд архи тамхинаас хол байх, эрүүл амьдралын дэглэм сахих, хоолны зөв дэглэм баримтлах, өөрийгөө залуу эрч, хүчтэй байлгаж баяр баясгалантай амьдрах, спортоор хичээллэх, агаар салхинд гарч байх хэрэгтэй. Ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг, оюуны өндөр ачаалалтай ажилладаг эрчүүд маань илүү өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Учир нь оюуны ажил гэдэг бол хүний бүхий л тамир тэнхээ, хүч чадлыг шавхаж, биеийг сульдуулдаг билээ. Хүн гэдэг бол байгалийн амьтан учир ямар ч өвчлөлд өртөх эрсдэлтэй. Энэ бүхнээс өөрийгөө хамгаалж, урьдчилан сэргийлж байх нь нэн чухал юм.
Эх сурвалж: Miss.mn сайт дахь "Эрчүүд цэвэршдэг үү?" мэдээллийг ашиглав.