Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 6 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 35 дугаар ангийн тасгийг очиход 5 ханатай гэр, эд хогшил, 3х4 хэмжээтэй зуны байшин, 3х4 хэмжээтэй амбаар, иргэн Д-ын 5 ханатай гэр, эд хогшил, иргэн Ө-ийн 5 ханатай гэр, эд хогшил, айлын 18х8 хэмжээтэй зуны байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг унтраажээ.
Мөн хагас сайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, "Улаанбаатар импекс" ХХК-ийн хашаанд газ дэлбэрсэн, олон хүн хордсон байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлэг, Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг очиход компаний хашаанд хураалттай 10 ширхэг 20 кг-ын багтаамжтай баллонтай савнуудын 1 ширхэг сав хадгалалтын горим зөрчигдснөөс тэсэрч 26-55 насны 5 иргэн өртөж гэмтэж, түлэгдсэн байсныг Хордлогийн төвд хүргэж өгсөн байна. Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасаг агаарт усан хөшиг татаж саармагжуулалт хийж аюулгүй байдлыг хангажээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тухайн орчинд явуулын лабораторийн багажаар анхан шатны хэмжилт хийхэд ямар нэгэн бодис, химийн урвалын шинж тэмдэг илрээгүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/