“Тэнүүн Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг, Ерөнхий нягтлан бодогч Ариунаа нарыг өнгөрсөн лхагва гарагт АТГ-аас гэнэт цагдан хорих арга хэмжээ авсан талаарх мэдээлэл цацагдсан. Энэ бүхнийг нийтийн тээврийн компанийн хууль бус мөнгөний асуудалтай холбон тайлбарлаж байсан юм.
Тэгвэл түүнийг шалгасан эсэхийг АТГ-аас тодруулахад "Хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслүүдээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэдэг “Тэнүүн огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягыг Авлигатай тэмцэх газраас цагдан хорьж шалган, сулласан талаар ташаа мэдээлэл цацагдсан байна. Авлигатай тэмцэх газарт “Тэнүүн огоо” ХХК-ийн захирал болон тус компаний удирдах албан тушаалтнуудтай холбоотой ямар нэгэн гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэг шалгагдаагүй" гэв.
Нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал болох нөхөн олговрын мөнгийг нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнд явсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж үүний үндсэн дээр санхүүжилтийг олгодог журамтай.
Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь үйлчилгээнд гараагүй автобусны “МТ-150” төхөөрөмжийг хувийн суудлын автомашинуудад олноор байрлуулан тухайн автобусыг үйлчилгээнд гарсан мэт маршрут, чиглэлд явж, автобусны тоо болон рейс цагийг өсгөх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан. Тэгвэл энэ бүхэнд “Тэнүүн Огоо” ХХК-ийг холбох хүн цөөнгүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/