Өнгөрсөн амралтын өдөр олон арван хүний амийг хөнөөсөн томоохон мөргөлдөөн Мексикт болжээ. Тодруулбал Мексикийн Мичаокан муж улсын Танхуато хотод удаан хугацааны туршид өргөн хүрээг хамарсан буудалцаан болсноор 43 хүн амиа алдсан байна. Тэдний 42 нь үл таних буутай этгээдүүд байсан бол нэг нь цагдаагийн албан хаагч байжээ.
Мичаокан мужийн цагдаагийн газрын мэдээлснээр энхийг сахиулагчид гудамжинд буутай этгээдүүдтэй санамсаргүй таарсан бөгөөд шалгуулахыг хүссэний улмаас буудаж эхэлснээр мөргөлдөөн үүсчээ.
Орон нутгийн цагдаагийн газар буудалцаан нийт 3 цаг үргэлжилсэн хэмээн мэдээлжээ. Цагдаагийн нэмэлт хүч ирснээр мөргөлдөөнийг хор хохирол багатай давлаа хэмээн цагдаа нар үзэж байна. Гэвч ажиллагааны үеэр амиа алдсан нөхрөө дурсах ёслол зохион байгуулахаа ч мэдэгджээ.
Хэрэгт холбогдсон ч амьд үлдсэн гурван буутай этгээдийг баривчлаад байгаа аж. Хэрэгтнүүдийг баривчлахад хил залгаа орших Жалиско муж улсын гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд хэмээн мэдүүлжээ. Гэвч яаж ч байцаасан бүлэглэлийнхээ нэр, мэдээллийг өгөхгүй байгаа гэнэ.
Албаныхан Жалиско муж улсын бүлэглэлүүдийг шалгаж байгаа ч холбогдох мэдээллийг олж чадахгүй байгаа юм байна.
Энхийг сахиулагчид мөргөлдөөний талбайгаас 36 урт буу, 2 гар буу, нэг бөмбөг дэлбэлэгч болон олон тооны жижиг зэвсгүүдийг хураан авчээ.
Г.Үжин