Сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн зуслангууд амрагчдаа хүлээн авахад бэлэн болжээ. Энэ жилийн хувьд хүүхдийн зуслангууд ирэх сарын 10-аас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон байна. Энэ талаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Хүүхдийн амралт чөлөөт цаг, орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Ариунгэрэлээс тодрууллаа.
-Хүүдийн зуслангууд үйл ажиллагаагаа явуулж эхэлхэд бэлэн болсон гэсэн. Бүртгэл хэзээнээс эхлэх вэ?
-Нэгдүгээр ээлжийн амрагчдаа ирэх сарын 4-нөөс бүртгэхээр зуслангуудын санал гараад байгаа. Харин бүртгэлийг Улаанбаатар чуулгын нэг давхарт авч эхэлнэ.
- Энэ жил хүүхэд бүртгэх журамд ямар нэгэн өөрчлөлт орсон болов уу?
-Энэ жилийн хувьд зуслангийн бүртгэлд хэд хэдэн өөрчлөлт гарсан. Учир нь Улаанбурхан болон бусад халдварт өвчлөлийн тархалт их байгаа учраас эрүүл мэндийн хуудас бөглөлтөд нарийн хяналт тавихаар болсон. Өмнөх жилүүдэд амрагчид бүртгэл хийлгэснийхээ дараа эрүүл мэндийн хуудсаа өгдөг байсан. Тэгвэл энэ жилээс иргэд хүүхдээ зусланд бүртгүүлэхээр ирэхдээ эрүүл мэндийн хуудсаа бөглүүлж авч ирэх хэрэгтэй. Эрүүл мэндийн хуудсыг child, gov.mn эндээс татаж авах боломжтой. Эрүүл мэндийн хуудсыг хувийн эмнэлгүүдээр бөглүулэхгүй. Заавал өөрийн оршин суугаа дүүргийн эрүүл мэндийн нэгддээр бөглүүлэн, тамгуулах ёстой. Иргэдийн хувьд дүүргийн эмнэлэг дараалал ихтэй гэх шалтгаанаар хувийн эмнэлгээр тамга даруулах явдал байдаг. Тэгвэл энэ жилээс зөвхөн дүүргийнхээ эмнэлгээр л бөглүүлэх шаардлагыг тавьж эхэлсэн.
-Үнийн хувьд өөрчлөлт орсон болов уу?
-Энэ жилийн хувьд хүүхдийн зуслангууд ирэх сарын эхээр үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Зуслангийн үнэд өөрчлөлт ороогүй.
-Тухайлбал зуслангийн үнэ дунджаар хэд байгаа вэ?
-Хүүхдийн зуслангуудын дундаж үнэ 160- 175 мянган төгрөгийн хооронд байна. Харин 7-10 хоногийн төлбөр нь 175 мянган төгрөг байгаа.
-Энэ жил халдварт өвчин их байгаа. Зуслангуудын шалгалтыг хэзээ хийхээр төлөвлөж байгаа вэ. Зусланд халдварт өвчин гарах тохиолдол байдаг?
-Өнгөрсөн жилийн хувьд нэг зусланд халдварт өвчин гарч хаагдаж байсан. Тухайн үед ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж аюулгүй болгосон. Зуслангууд ирэх сарын 4-нөөс бүртгэлээ хийхээр санал гаргаад байгаа ч нийслэлийн Засаг даргын захирамж гарч таван байгууллагын ажлын хэсэг зуслангуудад шалгалт хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэх эрхийг олгоно. Энэ жил халдварт өвчний дэгдэлт их байгаа учраас шалгалтыг нарийн хийнэ. Мөн зуслангийн эмч нарт Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран сургалт зохион байгуулж байгаа.
Дашрамд дуулгахад, иргэд зуслангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын www.child. gov.mn сайт руу орж, зуслан гэх холбоосоор авах боломжтой юм.
-Нийслэлийн харьяа зусланд амрах хүүхдүүд нэгдсэн журмаар явах уу?
-Өнгөрсөн жилийн хувьд нийслэлийн харьяа 10 зусланд амрах хүүхдүүдииг нэгдсэн журмаар Үндэсний соёл, амралтын төвийн өмнөөс явуулдаг байсан. Харин энэ жил “Скай” их дэлгүүрийн урд талбайгаас нэгдсэн журмаар хөдлөх болно. Гэхдээ хувийн зусланд амрагчдын хувьд өөр байна.
24tsag.mn Б.Батчимэг