Хоёр дараалсан хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Балбад олон сая ам.долларын тусламж хэрэгтэй байгаа тухай албаныхан мэдээллээ.
Балбын Сангийн сайд Рам Шаран Махатын хэлснээр тус улсад нийт 423 сая ам.долларын тусламж хэрэгтэй байгаа аж. Түүний ярьснаар тусламжийн мөнгөний 10-аас бага хувь нь хилийн чанадаас ирж байгаа гэнэ. Ойрын хугацаанд олон улсын хандив тусламж ирнэ гэдэгт Балбын Засгийн газар найдаж байна гэж Махат хэлжээ.
Даваа гарагийн орой олон зуун иргэн Катманду дахь Брикутимандап гэдэг газар цугларч, амиа алдагсдад зориулан зул өргөжээ. Дөрөвдүгээр сарын 25, Тавдугаар сарын 12-нд болсон хүчтэй газар хөдлөлтөөр амиа алдсан хүний тоо 8600-д хүрч, улсын төв хэсгийн дүүргүүд дэх барилгууд газрын хөрстэй тэгширсэн юм.
Зарим бүсүүдэд тусламжийн материал хүрэхгүй удаж байна. Газар дахин хөдлөхөөс айсан олон мянган хүн майханд байрлаж байгаа бөгөөд тэд ирэх сарын борооны улирлыг давж гарна гэдэгтээ итгэлгүй байна. Борооны улирал нь хөрсний гулсалт, халдварт өвчин зэрэг аюул дагуулж магадгүй байгаа аж.
Г.Үжин