Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Цахим эрүүл мэнд” төслийн санхүүжилтын хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Уг төслийг дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх юм.
Энэхүү төсөл нь Эрүүл мэндийн салбарын гол шинэчлэлүүдийн нэг болох юм. Тодруулбал, Эмнэлгүүдийг цахим системд нэвтрүүлж, цахим-эрүүл мэндийн шийдлүүдийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой. Нийтдээ 19.5 сая ам.долларын өртөгөөр уг төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр өвчтөний түүхийг нээлттэй болгож, иргэд дараагийн шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, шаардлагагүй оношилгоог давхардуулан хийлгэхээс зайлсхийх, өвчтөний эмчилгээ, оношилгоотой холбогдолтой мэдээллийг шуурхай авах, цаасан бүртгэл багасаж, зардлыг бууруулах, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн технологийн чадавх сайжирч, тоног төхөөрөмжөөр хангагдах, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдээллийн технологи ашиглах ур чадвар сайжрах ач холбогдолтой гэж үзэж байна.
Төсөлд 321 сум, 228 өрх, 45 нийслэлийн эрүүл мэндийн төв нийтдээ 600 байгууллага хамрагдах аж. Одоогийн байдлаар эмнэлгүүд дээр газар дээр нь очиж танилцах ажил үргэлжилж байгаа аж.
Байнгын хорооны гишүүд энэхүү хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг олонхы саналаар дэмсэнээр Аюулг байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Т.Энхэлээ