БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Газар хэвлий” компанийн захирал Ким Чол Хун олон нийтэд хандлаа. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард халдлагад өртөж амь насаа алдах дөхсөн тухай мэдээлэл өгсөн юм. Түүний хэлснээр компанийн өмнөх захирал Сун Бү Сүн, орчуулагч Т.Таня нарын хууль бус үйлдэл илэрснээс болж өөрийг нь барьцаалсан гэж байв. Мөн “Газар хэвлий” компанийг өөрсдийн болгохоор хуурамч бичиг баримт бүрдүүлж, гүтгэж байгааг ч хэлэв. Тухайн өдөр юу болсон талаар “Газар хэвлий” компанийн захирал Ким Чол Хунаас зарим зүйлийг тодрууллаа.
-Сун Бү Сүн болон Т.Таня гэх хүмүүс таны амь насанд халдахыг завдсан гэлээ. Тухайн өдөр юу болсон талаар тодруулахгүй юу?
-Би бол БНСУ-аас Монгол дахь уурхайн хөрөнгө оруулагчдыг төлөөлөн албан ёсоор уурхайн үйл ажиллагааг удирдах явуулахаар томилогдож ирсэн. Би компанийн захирлын албан тушаалыг авахаас өмнө Сун Бү Сүн удирдаж байсан. Орчуулагч нь Т.Таня гэх эмэгтэй. Тэр өдөр болсон үйл явдлыг санахыг ч хүсэхгүй байгаа ч Танягийн хамсаатнууд замд бидний машиныг шахаж зогсоогоод намайг хүч хэрэглэн барьцаалж өөрийнхөө машинд оруулахдаа зүүн хавирга, ар шил, зүүн хөлийн шилбэ, баруун хавиргыг хүнд гэмтээсэн. Хамт явсан хамгаалалтын албаны даргын хамрыг хугалж дөрвөн долоо хоногийн турш өвчтэй байсан. Би сэтгэл санааны болон биеийн гэмтлээ эмчлүүлж байна.
-Т.Таня нар яагаад тань руу халдсан гэж?
-Урьдчилан бэлтгэсэн компанийн өргөдөл буцаах бичиг, эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зур гэж сүрдүүлэн “Газар хэвлий” компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг гаргаж өгөхийг шаардсан. Ингэхдээ хурц үзүүртэй зүйлээр чичилж, “Гарын үсэг зурахгүй бол ална. Чам шиг солонгосыг алаад хээр аваачаад булчихад хайх, олох хүн байхгүй” гэж байсан. Аз болж тэр үед цагдаагийн машин явж таарснаар амь гарсан. Энэ дашрамд, Монгол цагдаагийн байгууллагад талархаж байгаагаа илэрхийлье.
-Т.Таня нар өмнө нь энэ талаар мэдээлэл хийж байсан. Та бүхнийг хууль бус бичиг баримт бүрдүүлсэн гэж байсан?
-Би дээр хэлсэн шүү дээ. “Газар хэвлий” компанид Солонгосын 11 хүн хөрөнгө оруулж, намайг удирдлагаар нь явуулсан. Хууль ёсны албан бичиг, баримтууд байгаа. Гэтэл Т.Таня нар өөрсдөө хууль зөрчиж, мөнгө завшиж байсан нь илрэхээр компанийг авахаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. Надад албан ёсны бичиг баримт нь байна. Энэ тухай цагдаагийн байгууллагад гомдол гаргаад, Сун Бү СҮ нарын хууль бус үйлдлийг шалгуулж байгаа.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)