УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Энэхүү хуулийн зорилт нь УИХ-аас гарч буй хууль тогтоомжийг санаачлан боловсруулах, түүнд эрх зүйн магадлан шалгалт хийх, өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулийг боловсруулахаас хэрэгжүүлэх хүртэлх харилцааг нэгдсэн аргачлал стандартад оруулж байгаа гэсэн үг юм. Тус хуулийн төсөл УИХ-д хэлэлцэгдсэн цагаасаа эхлэн гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч буй.
Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Эрх зүйн төөрдөг байшингаасаа гаръя гэж энэ хуулийг Засгийн газар өргөн барьсан байх. Хууль тогтоомж гэдэг нь өргөн ойлголт. Хуулийн төсөлд дэмжүүштэй заалтууд байна. Гэхдээ зорилго зорилтоо бүрэн хангаагүй гэж үзэж байна" гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Монголын өнөөгийн хэрэгжиж буй хуулиуд олон улсын жишигт нийцүүлж хийсэн боломжийн хууль. Хууль төөрүүлээд байгаа гэхээсээ төрийн албан хаагчид төөрөлдөөд байна. Мэдлэг нимгэнтэй төрийн албан хаагч бол хуулинд их төөрнө дөө" гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн.
Мөн үеэр зарим гишүүд хөдөө орон нутгийн түвшинд гарч буй эрх зүйн баримт бичгүүд хэрээс хэтэрч байна гэсэн шүүмж хэлсэн ба үүний хариуд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, "Захиргааны хэм хэмжээг Захиргааны хуулиар тогтооно. Энэ хууль нь зөвхөн УИХ-аас гаргах баримт бичигт хамаарна" гэсэн тайлбарыг хийж байв. Үүний зэрэгцээ хуулийг хэзээнээс дагаж мөрдөх вэ гэдэг дээр энэ хоёр ч санал гарсан. Иймд хэрэгжих хугацаа хэзээ байх вэ гэдэг дээр санал хураалт явуулахад энэ оны 7 дугаар сарын 15-наас гэдэг дээр санал нэгдлээ. Ингээд зарчмын зөрүүтэй саналууд дээр санал хураалт явуулснаар энэ удаагийн хэлэлцүүлэг өндөрлөв.
Т.Энхэлээ