УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх эсэх талаар хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газар Дэлхий банк хоорондын хамтын ажиллагааны түншлэлийн стратегит Монгол Улсын боловсролын чанарыг сайжруулах талаар тусгасан байдаг. Тиймээс бага боловсролын эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанар, үр дүнг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын бага боловсролын чанарыг сайжруулах зорилгоор “Боловсролын чанарын шинэчлэл" төслийг хэрэгжүүлэх болсон. Энэхүү төслийг Дэлхийн банкны жилийн 1.25 хувийн хүүтэй 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ. Шинэчлэлийн хүрээнд Сургалтын үр нөлөөг сайжруулах хөтөлбөр, Багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, Сургуулийн тэтгэлгийн хөтөлбөр, Системийн удирдлага, мониторинг, үнэлгээ хийх зэрэг ажлыг зохион байгуулна хэмээн БСШУ-ын сайд Л.Гантөмөр танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед дахин зээл авах шаардлага байгаа юм уу хэмээн асуусан. Уг асуултад Сангийн дэд сайд С.Пүрэв, “Монгол Улс 2013 онд Дэлхийн банктай дунд хугацааны стратегийн баримт бичг байгуулсан. Уг баримтад хэд хэдэн хөнгөлөлттэй зээл авах тухай тусгасан байгаа. Энэ хүрээнд 2014 онд Засгийн газар "Боловсролын чанарын шинэчлэл" төслийг хэрэгжүүлэхээр тогтож УИХ-д өргөн мэдүүлсэн” гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Өнөөгийн Монгол Улсын өрийн хэмжээг эдийн засаг даахгүй болж байна. Нэг иргэнд 5 сая 335 мянган төгрөгийн өр ногдож байгаа. Улсын төсвөөс жил бүр 700 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлж байна. Тиймээс нэмж өр бий болгохгүйн тулд энэ зөвшилцөх төслийг татаж авах хэрэгтэй” гэсэн санал хэлэв.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэнгүй. Ингэснээр Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)