Айдас дагуулсан 16 дугаар байрны оршин суугчид гэртээ харьжээ. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд зочид буудлаасаа гарч, гэртээ харьсан байна. Бид өмнө нь 16 дугаар байрны буурь хүчитгэлийн ажил дуусч улмаар оршин суугчдыг гэрт нь оруулах гэж байгаа талаар мэдээлж байсан билээ.
Харин энэ удаад сар гаруйн хугацаанд гэртээ орж чадахгүй байсан иргэд байрандаа ороод хэрхэн амьдарч байгаа болон буурь хүчитгэлийн ажил бүрэн дууссан эсэхийг сонирхохоор Баянгол дүүргийн 14 дугаар хороо 16 дугаар байрыг зорилоо.
Эл хуль цагдаагийн хамгаалалтад байсан 16 дугаар байр хэдийнэ хөл хөдөлгөөнд оржээ. Байрны гадна талд машинуудыг эгнүүлэн тавьж, гадна талбайд өндөр настнууд нарлан суужээ.
Тэдгээр хүмүүсээс гэртээ ирээд хэрхэн тухлаж байгааг тодруулахад “Зочид буудлаар хоног төөрүүлж байснаа бодвол гэртээ ирээд сайхан л байна. Харин айдас хүйдэс маань л арилахгүй байна” гэцгээж байв. Харин буурь хүчитгэлийн ажил хийж, байр нурах аюулгүй болсон талаар мэргэжлийн хүмүүс мэдээлсэн гэдгийг сануулахад буурь хүчитгэлийн ажилд 100 хувь итгэхгүй байгаагаа ярьцгааж байлаа. Үүнээс гадна байрны үнэ цэнэ унаж, банкны барьцаанд ч авахгүй болсон талаар өгүүлэв.
Олон хүний аминд хүрэх шахсан 16 дугаар байрны асуудал оршин суугчид гэртээ орсноор олны анхаарлаас гарч, байдал намжиж байх шиг. Харин 16 дугаар байрны оршин суугчдын гомдол хөвөрсөөр байна. Учир нь энэхүү байрны үнэ ханш буурь хүчитгэлийн ажилтай хамт шороонд булагдсан гэхэд нэг их хилсдэхгүй. Тиймээс ч оршин суугчид байраа банканд барьцаалах боломжгүй болжээ. 16 дугаар байрны зарим оршин суугчид байраа зарж, зарим нь банканд барьцаанд тавьж өөр байр худалдан авахаар нэлээд хэдэн банканд хандсан ч барьцаанд авах боломжгүй, авсан ч маш бага үнэлгээгээр авна гэсэн хариу сонссон байна. Энэ нь тус байрны үнэлгээ, үнэ ханш шороонд булагдсан гэдгийг нотлож байх шиг.
Байдал үүгээр намжихгүй бололтой 16 дугаар байрыг даатгалын компаниуд ч даатгах хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ. Мэдээж “эрсдэл дагуулсан” энэхүү байрыг даатгах хүсэлгүй байгаа даатгалын компаниудыг буруутгах аргагүй. Тэд ч гэсэн зах зээлийн хуулиараа эрсдэлтэй алхам хийхгүй нь хэн ч ойлгомжтой.
Уг нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 16 дугаар байрны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн хазайлт үүсгээгүй. Харин тус байр нь баруун тийшээ буюу нүх ухсан талын эсрэг чиглэлд 4 см-ийн хазайлттай байгаа нь анхнаасаа ингэж баригдсан эсвэл ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн холбогдох албаныхан буурь хүчитгэлийн ажил амжилттай хийгдсэн, найдвартай хэмээн мэдээлсэн билээ. Гэсэн ч энэ нь оршин суугчид төдийгүй арилжааны банкууд, даатгалын компаниудад ч итгэл төрүүлсэнгүй.
Тиймээс ч тус байрны оршин суугчид нэг насаараа хурааж хурамтлуулсан ганц хөрөнгөө ийнхүү үнэгүйдэж байгаад харамсаж басхүү төрөөс эрсдэлийн нөхөн төлбөр нэхэмжлэх хүсэлтэй байгаа гэдгээ ч бидэнд өгүүлсэн.
16 дугаар байрны оршин суугчдыг өнгөрсөн сарын 22-ны шөнийн 22 цагаас энэ сарын 24-ний өглөөний 10 цаг хүртэл албадан нүүлгэж, зочид буудлуудад байрлуусан. Гэсэн ч сар гаруйн хугацаанд зочид буудлаар хоног төөрүүлсэн оршин суугчдыг гэртээ ирэхтэй зэрэгцэн байрны төлбөрийн мэдэгдэлийг айл бүрийн хаалган дээр наажээ.
Тус мэдэгдэлд ус, цахилгаан, байрны төлбөрийг энэ сарын 25-ны дотор төлж барагдуулахыг сануулж, хэрэв 25-наас хойш хоногийн 0,5 хувийн алданги тооцох ба хугацаа хэтэрвэл ус, цахилгааны хязгаарлалт хийхийг анхааруулсан байна.
Энэ нь 33 өдөр гэртээ ирээгүй оршин суугчдад багагүй дарамт болж байна гэдгийг тус байрныхан хэлж байв.
Сар гаруйн хугацаанд сэтгэл санааны болоод эд материалын багагүй хохирол амсч гэртээ байгаагүй 16 дугаар байрныхан байрны төлбөрийг бүрэн төлнө гэдэгт гомдолтой байгаа учир Баянгол дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх 14-р төвд хандаж байрны дулаан, цэвэр, бохир ус, СӨХ-ны хураамжаас бүрэн чөлөөлж өгөх хүсэлт гаргахаар оршин суугчдын гарын үсгийг цуглуулж байгаатай манай сурвалжлах баг таарсан юм. Тэд гарын үсэг бүхий хүсэлтээ холбогдох албаныханд удахгүй уламжилна гэдгээ хэлж байлаа.
Оршин суугчидтай хөөрөлдөх зуур нэгэн иргэн “Манай гэрийн хана эхнээсээ цуурчихсан байна лээ. Энэ нь аюулын дохио биш гэж үү” гэсэн хачирхалтай мэдээлэл өгөв.
Үүнийг жаахан тодруулаад үнэхээр байрны хана цуурсан эсэх, хэзээнээс цуурсан гэдгийг лавлахад “Биднийг албадан нүүлгэхээс өмнө манай хана цуураагүй байсан.
Харин өчигдөр гэртээ ирээд хартал гал тогооны хана цуурсныг мэдээд багагүй л айдастай хонолоо. Одоо ч айдас маань арилахгүй байна. Үнэхээр итгэхгүй бол ороод үз. "Чих худалч нүд үнэнч гэдэг” хэмээгээд биднийг гэртээ орохыг зөвшөөрөв. Ийнхүү тус байрны нэлээд өндөр давхарт амьдардаг айлд орж, цуурсан гэх ханыг харвал үнэхээр дээр хэлсэнчлэн хана нэлээд урт цуурч, хагарсан байлаа.
Гэхдээ энэ нь чухам юунаас болж цуурсаныг таах аргүй ч цуурсан ханыг харсан бидэнд ч гэсэн ороод гарах хооронд айдас төрж, нуруу хүйт даах шиг болж байсныг нуух юун.
16 дугаар байрны оршин суугчдын төлөөлөл “Би Жи Би Жи” ХХК-ны барилга барих зураг төсөл, зөвшөөрлийг бүрэн эхээр нь үзэж, сонирхожээ. Гэтэл тус зураг төсөлд 16 дугаар байр болон 20 дугаар байрны зураг огт байхгүй байсан гэдгийг иргэд мэдээлэв. Түүнчлэн иргэд "Дээрх компани нь барилга барих зөвшөөрлөө авахын тулд 16, 20 дугаар байрыг огт байдаггүй мэтээр зурж, зөвшөөрөл авсан нь барилга барих зөвшөөрөл ямар булхиагаар авдагыг илтгэж байна. Манай барилга үнэхээр том сануулга боллоо" хэмээн хүүрнэж байлаа.
Харин бид ингээд 16 дугаар байрны оршин суугчидтай уулзаж, зарим нэгэн зүйлийг дахин тодруулсан юм.
16-р байрны оршин суугч Ч.Онгоодой
-Та гэртээ ирээд сайхан байна уу. Та бүхнийг анх гэртээ ороход чинь ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийсэн үү?
-Сайхан байнаа. Харин гэрээ хэлэлцээр хийгээгүй ээ. Байрны буурь хөрсний хүчитгэл хийсэн. Одоо айх аюулгүй гээд л аман баталгаа өгөөд л оруулчихсан. Бид ч олон хоног гэртээ ороогүй нэг үгээр хэлвэл цөхрөнгөө барчихсан байсан болохоор шууд л орчихсон доо.
-Та хөрсний хүчитгэлд хэр сэтгэл хангалуун байгаа вэ?
-Мэргэжлийн хүмүүс найдвартай гэсэн болохоор итгэж л байна. Гэхдээ хүчитгэлийн ажил нь бүрэн дуусаагүй байгаа. Ажил нь түр зогссон байна лээ. Одоо эко хавтан тавьж, тохижуулах юм гэсэн. Хэрэв хавтан тавихгүй бол асгасан шороо нь борооны усанд урсчих байх гэж бодож байгаа.
-Танай байрныхан энэ байрыг банкны барьцаанд авахгүй байна гэж ярих юм. Энэ талаар та мэдсэн үү?
-Үнэхээр тэгэж байна лээ. Би өөрөө хөөцөлдөж үзээгүй ч манай найзын хүүхдүүд байраа барьцаалаад банкнаас зээл авах гэсэн чинь өгсөнгүй гэж ярьж байсан. Энэ ч наад захын хэрэг болоод байна шүү дээ. Уг нь эрсдэлийн хохирлын төлбөр гэж байдаг гэсэн. Тэрийгээ авчихвал зүгээр л санагдаж байна.
16-р байрны оршин суугч Б.Маждаа
-Та гэртээ хэзээ нүүж ирэв. Гэртээ ирээд сайхан байна уу?
-Хоёр хоногийн өмнө ирсэн. Буудлаар хоноглоод явж байснаа бодвол гэртээ ирээд сайхан л байна. Гэхдээ хөгшиний маань бие нэг их сайжрахгүй л байгаа нь жаахан хэцүү байна даа.
-Хөгшинийх нь бие байрны асуудлаас болж өвдсөн уу. Настай хүмүүс нэлээд цочирдсон байх?
-Тийм ээ. Байр нурах гэж байна гэх үймээнээр бие нь муудаж, ухаан алдаж, татсан. Тэр үеэс л эмнэлгээр яваад байгаа хэрнээ одоо болтол бие нь нэг их сайжрахгүй л байна даа.
-Үнэхээр иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө багагүй хохирсон байх. Энэ талаар ямар нэгэн тусламж, дэмжлэг үзүүлнэ гэсэн болов уу?
-Үгүй байх аа. Би л лав тийм зүйл сонсоогүй. Гэхдээ 16 дугаар байрны оршин суугчид хохирсон уу гэвэл хохирсон. Тийм болохоор хохирлыг барагдуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
24tsag.mn Б.Батчимэг
Сэтгэгдэл (8)