Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНЭУ-ын “Сити Монтессори” сургуулийг үүсгэн байгуулагч, Дэлхийн Ерөнхий шүүгч нарын чуулга уулзалтыг үндэслэгч бөгөөд зохион байгуулагч доктор Жагдиш Ганди тэргүүтэй төлөөлөгчдийг 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Жагдиш Ганди нь энх тайвны үзлийг түгээн дэлгэрүүлэгч бөгөөд хойч үе, бидний ирээдүй болох хүүхдүүд, тэдний амьдрах аюулгүй ертөнцийг цогцлоох үүднээс Дэлхийн Ерөнхий Шүүгч нарын олон улсын чуулга уулзалтыг 2001 оноос хойш зохион байгуулах болсон байна.
Чуулга уулзалт зохион байгуулагдсанаас хойших сүүлийн арван дөрвөн жилийн хугацаанд нийт 114 орны 780 Ерөнхий Шүүгч, шүүгч уг уулзалтад оролцож, хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц бий болгох их үйлсэд дэмжлэг үзүүлэхээ амласан ажээ. Жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг Дэлхийн Ерөнхий шүүгч нарын чуулга уулзалт нь дэлхийн энх тайван, тэр дундаа олон улсын нийтийн хэм хэмжээг төлөвшүүлэх их үйлсэд өөрийн өвөрмөц хувь нэмрийг оруулдаг юм.
Ноен Жагдиш Ганди Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийн урилгаар манай улсад 2015 оны 5 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Түүнчлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Хүндэт доктор” цолыг тус сургуулиас ноён Жагдиш Гандид гардуулах аж.
Сэтгэгдэл (1)