Дундговь аймаг дахь хуулийн байгууллагууд болон төрийн захиргааны зарим байгууллагуудын хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан байна.
Өдөрлөгт Сум дундын 11 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Өмгөөлөгчдийн зөвлөл, 3 дугаар тойргийн Тахарын алба, Аймгийн засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Хүний эрхийн үндэсний комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх ажилтан, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагууд оролцож иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгч гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.
Түүнчлэн энэ үеэр Цагдаагийн газрын тусгай бүлгийн албан хаагчид болон Өсвөрийн цагдаа бүлгийн сурагчид үзүүлэх тоглолт хийж иргэдэд сонирхуулснаас гадна нээлттэй өдөрлөгт оролцсон иргэдийг хамруулан танин мэдэхүйн болон хууль, эрх зүйн чиглэлээр асуулт хариултын “АХА” тэмцээн явуулж 1, 2 дугаар байранд орсон оролцогчдыг шагнаж, урамшуулсан байна.