Малайз. Малайз-Тайландын хил дээрх авлигатай тэмцэхийн тулд Малайзын Авлигатай тэмцэх хороо, Тайландын Үндэсний авлигатай тэмцэх хороо хамтран ажлын хэсэг байгуулаад байна.
“Өнгөрөгч сард зохион байгуулагдсан Зүүн өмнөд Азийн Авлигатай тэмцэх талуудын нарийн бичгийн дарга нарын уулзалтын үеэр хоёр талын уулзалт зохион байгуулсны үр дүнд энэ ажлын хэсгийг байгууллаа. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 48, 49 дүгээр зүйлд зааснаар авлигатай тэмцэх чиглэлийн хууль сахиулах хамтарсан үйл ажиллагаа явуулах эсэхийг ажлын хэсэг шийдвэрлэх болно” хэмээн Малайзын Авлигатай тэмцэх хорооны Бодлого, төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга Датук Ахмад хэлэв. Тус ажлын хэсгийн бусад чиг үүрэгт хоёр талын авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд болох Малайзын Авлигатай тэмцэх хороо, Тайландын Үндэсний авлигатай тэмцэх хорооны хамтын ажиллагааг өргөжүүлэх, Малайз-Тайландын хил дээрх хууль сахиулах чиг үүрэг бүхий бусад байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг орж байгаа аж.
Д.Дуулим