ОХУ. Оросын Батлан хамгаалах яамны ажилтан асан Евгений Васильевад томоохон авлигын хэргийн улмаас 5 жил шоронд хорих ял ногдуулсан байна. Оросын Хууль зүйн мэдээллийн агентлагийн мэдээлж байгаагаар Евгений Васильеваг албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, луйвар хийсэн зэрэг 8 хэрэгт буруутай болохыг тогтоосон аж.
Хатагтай Евгений Васильева нь Батлан хамгаалахын сайд асан Анатолий Сердюковын шадар туслахаар ажиллаж байсан юм. Мөн түүний хамт төрийн өмчит “Оборонасервис” холдингд ажиллаж байсан 4 этгээдэд ял ногдуулжээ. Тэднийг хууль бусаар “Оборонасервис” холдингийн бүтээгдэхүүнийг хямд зарж байсныг тогтоосон бөгөөд хэргийн улмаас ОХУ-д 3 тэрбум рубль (60 сая ам.доллар)-тэй тэнцэх хэмжээний хохирол учирсан байна. 36 настай Евгений Васильева уг хэрэгт буруугүй болохоо мэдэгдэж, уг ялыг эдлэх хугацааг нь түр хойшлуулахыг улсын прокуроруудаас хүсээд байгаа юм.
Д.Дуулим