Ливийн Ерөнхий сайд Абдулла аль-Тинни улс төрийн захиалгат аллагаас амьд гарсан тухайгаа мэдээлжээ. “BBC” агентлагийн мэдээлснээр тэрбээр Тобрук хотод халдлагад өртсөн байна.
Ерөнхий сайд Абдулла аль-Тинниг машиндаа явж байхад нь буутай бүлэг этгээдүүд дайрсан аж. Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр аль-Тинни ямар нэгэн гэмтэл аваагүй аж. Харин түүний бие хамгаалагчдын нэг нь хүнд шархадсан байна.
Олон сумны нэгэнд нь ч оногдолгүй амьд гарсан тэрээр хэвлэлийнхэн “Аюулаас зугтаахад тусалсан бурханд талархаж байна” хэмээн хэлжээ.
2011 онд удирдагч Муаммар Каддафиг зайлуулснаас хойш Ливи үймээн самуун ихтэй байгаа юм.
Амиа алдахын ирмэгт очсон аль-Тинни засгийн эрхийг авахыг зорьж буй цэргийнхэнд хөөгдөж, 2014 онд нийслэл Триполигоос Тобрукт ирсэн бөгөөд тэндээс засгийй удирдахыг хичээж байгаа аж.
2014 оны гуравдугаар сард засгийн эрхийг авсан аль-Тинниг эсэргүүцсэн жагсаал өчигдөр Тобрук хотод мөн болсон байна.
Аль-Тиннийн засгийн газар парламентын ордныг Бенгази мужийн зүүн хэсгийн хотод дахин байршуулна хэмээн төлөвлөж байсан ч исламын цэргийнхний дарамтын улмаас Тобрук хотод авчирсан байна.
Г.Үжин