Хүчтэй газар хөдлөлтүүдэд дараалан нэрвэгдсэн Балба улсад олон улсын санхүү, хүмүүнлэгийн тусламж ихээхэн шаардлагатай байгаа тухай манай сайт мэдээлж байсан. Тэгвэл Балбын аж ахуй нэгжүүд ч гар хумхин зүгээр суухгүй байгаа бөгөөд хэрхэн орлого олж улсаа сэргээх тухай хэлэлцэж байна.
Өчигдөр Балбын аялал жуулчлалын операторууд нэгдэн олон улсын геологийн салбарын шинжээчид, мэргэжилтнүүдийг хамтран ажиллахыг уриалсан байна.
Жуулчлалын байгууллагууд тэдгээр хүмүүсээр Балбын аль хэсэгт явган аялал, ууланд авирахад баталгаатайг шинжлүүлж, аюулгүй гэдгийг олон улсад заруулахыг хүссэн байна. Өөрөөр хэлбэл олон улсын топ геологичидоор аялахад аюулгүйн үнэлгээ гаргуулах хүсэлтэй байгаа аж. Түүнчлэн аялал жуулчлалын салбараа хэрхэн сэргээхэд зөвлөх мэргэжилтнүүдийг ч урьжээ.
Аялал жуулчлал нь Балбын орлогын гол эх сурвалж юм. Гэвч хүчтэй газар хөдлөлтүүд, түүнийс үүдсэн хөрсний нурангиас хамааран аялахад өндөр эрсдэлтэй улсад тооцогдож, энэ секторын орлого ихээр буураад байгаа юм байна.
Балбад 2013 онд 800 мянга гаруй жуулчин зочилсон нь өмнөх оныхтой адил үзүүлэлт байжээ. Тэдгээр аялагчдын 13 орчим хувь нь явган аялагчид болон уулчид байсан байна.
Г.Үжин