Афганистаны нийслэл Кабулын дипломатууд оршин суудаг дүүрэгт өргөн хүрээний буудалцаан болсон байна. Тодруулбал, олон тооны элчин сайдын яам, албаны барилгууд төвлөрсөн Вазир Акбар Хан дүүрэгт өчигдөр 18:30 цагийн үед дөрвөн буутай этгээд гал нээж эхэлжээ.
Энэхүү халдлагыг Афганистаны исламын шинэчлэлийн хөдөлгөөний Талибан бүлэглэл зохион байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Кабул хотын цагдаагийн газрын мэдээлснээр энгийн иргэн, цэргийнхний амь үрэгдэж, гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй аж. Харин гал нээмэгц хамгаалалтын ажилтнууд халдагчидтай мөргөлдөж эхэлсэн бөгөөд буудалцааны үеэр дөрвөн халдагч этгээд бүгд амиа алдсан гэлээ.
“Халдагчид RPG зөөврийн пуужин, АК-47 буунууд болон тэсрэх бөмбөг зэрэг олон аюултай зэвсгүүдээр дйарсан хэмээн” Афганистаны Дотоод хэргийн сайд Аёоуб Саланги мэдээлжээ.
Дотоод хэргийн яамны мэдээлснээр талибанчууд 2009 онд мөн халдаж байсан Хийтал буудлыг онилсон байжээ. Энэхүү буудлыг одоо Раббани буудал хэмээн нэрлэх болсон бөгөөд өнөөгийн Гадаад хэргийн сайд Салхуддин Рабани болон экс ерөнхийлөгч Бурхануддин Раббани нар эзэмшдэг аж.
Раббани буудалд гадаадын томоохон төлөөлөгчид олноор байршдаг учраас барууны нөлөөллийг эсэргүүцэгч талибанчууд тэднийг онилсон хэмээн таамаглаж байна.
Сүүлийн үед Талибан бүлэглэл Кабул хотод амьдарч буй гадаадуудыг хөнөөхийг завдах болсон юм. Хоёр долоо хоногийн өмнө Кабулд тоглолтонд оролцохоор явж байсан 14 гадаад хүн халдлагад өртөн амиа алдсан билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)