"Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл”-д үндэсний компаниудыг оролцуулах ажил үргэлжилсээр байна. Уг замыг барих ажилд оролцох монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх, үндэсний мэргэжилтэй инженер, техникийн ажилтан бэлтгэхэд хамтран ажиллах зорилгоор “Чингис Лэнд Девелопмент Групп”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Авто Замчдын Холбоо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд боллоо. Ингэснээр дотоодын компаниуд уг бүтээн байгуулалтад оролцон, олон улсын томоохон корпорациудтай хамтран ажиллах боломж бүрдэх юм.
Монголчууд анх удаа олон улсын стандарт бүхий хурдны авто зам барих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд цаашид бүс нутгийн томоохон төслүүдэд оролцох туршлага хуримтлуулж, хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж бүрдэж байгааг талууд энэ үеэр онцолж байлаа.
“Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ Хөгжлийн Зам” ХХК Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” төслийг хэрэгжүүлэх Концессын гэрээг өнгөрсөн онд байгуулан төслийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэхүү мега төслийг Монгол Улсад анх удаа концессээр Барих-Ашиглах-Шилжүүлэх нөхцлөөр, улсын төсөвт ямар нэг хүндрэл учруулахгүй, санхүүгийн баталгаа болон дэмжлэггүйгээр зөвхөн хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.
Хурдны авто зам нь манай улсын 6 аймгийн 24 сум, нийслэлийн 2 дүүргийн нутгийг дайран өнгөрөх бөгөөд нийтдээ 990 орчим км үргэлжилсэн хурдны авто замын томоохон бүтээн байгуулалт юм.
Зам барилгын ажлыг 3 жилийн хугацаанд барьж байгуулан, 30 жилийн хугацаанд ашиглан шилжүүлэх бөгөөд тус ажилд нийт 20000-30000 түр ажлын байр бий болох ба төслийн дараа зам дагуу бий болох амралт үйлчилгээний цогцолбор, замын байгууламжуудын хэсгүүдэд 3000-5000 ажлын байр, зам дагуу бий болох шинэ суурьшлийн бүсүүдийг дагаад 50000 хүртэл ажлын байр бий болох болно.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус компани уг төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан өөрийн компаниас хамаарах олон ажлыг цаг алдалгүй зохион байгуулж ирсэн.
Үүнд:
Хурдны замын трассыг тогтоож, 2015 оны 1-р сарын 15-ны өдөр ЗТЯ-ны харъяа Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжүүлсэн,
Олон улсын зөвлөх компаниудын оролцоотойгоор уг төслийн ТЭЗҮ-г боловсруулан ЗТЯ-ны харъяа Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжүүлсэн,
ОХУ-ын геотехникийн компаниар ахлуулан Монгол Улсын 20 гаруй компанийн оролцоотойгоор хурдны замын трассын дагуу Алтанбулаг-УБ-Мааньт чиглэлийн 450 км газарт геотехникийн /геодези, инженер-геологи, гидрометерологи/ суурь судалгааг хийсэн,
Алтанбулаг – Маньт чиглэлийн 450 км хэсгийн зам барилгын ажлын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлыг дуусгахаар ажиллаж байгаа.
Мааньт – Замын-Үүд чиглэлийн 550 км хэсгийн геотехникийн суурь судалгааны ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажил явагдаж байгаа болно.
Монголчууд анх удаа олон улсын стандарт бүхий хурдны авто зам барих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд цаашид бүс нутгийн томоохон төслүүдэд оролцох туршлага хуримтлуулж, хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Т.Сар