Монгол дахь эртний Түрэгийн үеийн соёлын өвийг хамгаалах, хадгалахад хамтран ажиллах тухай санамж бичигт БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн дэд ерөнхийлөгч Али Маскан нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Булган аймгийн Баяннуур сумын нутгаас олдсон "Шороон бумбагар"-ын олдвор буюу эртний Түрэгийн үеийн язгууртны бунхант дурсгалт газрыг авран хамгаалах төслөөс танилцуулга хийж Туркийн талтай хамтран ажиллахаар болсон байна. 2011 онд нээсэн уг бунхан өнөөдөр ханан тус газартаа мөөгөнцөртөж, газрын хөрсөн дээр зурсан 1300 настай зурагнууд бүдгэрч эхэлсэн байдалтай байгаа юм. Тиймээс авран хамгаалах ажлыг даруй эхлүүлэх шаардлагатай болоод буй.
Санамж бичиг үзэглэх үеэр манай талаас "Шороон бумбагар"-ыг авран хамгаалах ажилд 6000 ам.долларын санхүүжилт хэрэгтэй байгаа гэдгийг дурдаад цаашдаа томоохон музей байгуулж, үнэт ховор олдворыг ард түмний хүртээл болгох ажлыг хийнэ гэдгээ мэдэгдсэн.
Харин Туркийн тал "Дурсгалыг хамгаалах ажлыг судалгаа, шинжилгээ хийж өнөөдрийн байгаа нөхцөлийг тодорхойлохоос эхэлнэ" хэмээн хэлсэн юм. Орхоны хөндийд байрлах "Шороон бумбагар"-ын ойр орчим үүнтэй ижил төстэй арав орчим булш байгааг судлаачид тогтоосон байдаг.
Нөгөөтэйгүүр дээрх булш бунханыг цогцолбор хэлбэрээр өргөжүүлбэл Хархорин, Өгий нуур зэрэг аялал жуулчлалын бүстэй холбож, дурсгалт газрын замаар эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой аж хэмээн БСШУЯ-аас мэдээллээ.