МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Засгийн газраас гарна гэсэн мэдээлэл Төрийн ордонд гарч эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус бүлэг Засгаас гарах асуудлыг аль хэдийн ярилцаж эхэлсэн байна. Тус бүлэг өнөөдрөөс хуралдаж, эцсийн шийдвэрээ гаргачихаад ард түмэнд албан ёсоор мэдэгдэх юм байна. Бүр Солонгост эмчлүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаяртай уг асуудлаар нарийн зөвшилцөж байгаа аж.
Тэдний ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь Засгийн газрын Дубайд үзэглэсэн “Оюутолгой”-н гэрээтэй холбоотой. Тус бүлгийн гишүүн Г.Уянга, Л.Цог нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаа мэдэгдэж, гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн.
Харин тус бүлгийн дарга Н.Батцэрэг уг асуудлаар өнгөрсөн даваа гаригт мэдээлэл хийж, "“Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын эрх ашгийг хөндөж, хууль зөрчих ёсгүй. УИХ-ын зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргасан. Энэ санаачилгад манай бүлгийн гурван гишүүн нэгдсэн байгаа. Тиймээс бүлгийн хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг урьж, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна” гэж байсан.
Энэ дагуу тэд өчигдөр үдээс хойш Ерөнхий сайдаас мэдээлэллээ авсан. Гэхдээ Ерөнхий сайдыг өөрсдийнх нь асуултад хангалттай мэдээлэл өгч чадаагүй гэж үзэж байгаа аж. Ер нь тус бүлэг Дубайд үзэглэсэн “Оюутолгой”-н санхүүжилтийн гэрээг хууль зөрчсөн маш муу болсон дүгнэж байгаа юм байна.
Тиймээс л Засгийн газраас гарах улс төрийн шийдвэрийг гаргахаар ээлжит бусаар хуралдан эрчимтэй ярилцаж байгаа аж. Хэрвээ Засгийн газраас гарахааргүй болбол Г.Уянга, Л.Цог нар бие даагчидтай хамтарсан тоглолтоо цааш үргэлжлүүлнэ гэсэн үг. Харин эсрэгээрээ шийдвэл тус бүлгийн 11 гишүүн тэднийг дэмжин Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсгээ зурах юм. “Шударга ёс эвсэл” засгаас гарвал Бүтээн байгуулалтын сайд М.Энхсайхан, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар сайд нараас хасагдана. Мөн ийм нөхцөл байдал үүсвэл Тавантолгойн асуудал таг зогсох нь тодорхой. Учир нь Тавантолгойн гэрээний төслийг М.Энхсайхан сайд удирдан явуулж байгаа. Тиймээс М.Энхсайхан сайд Засагт үлдэж мэдэх юм. Тэгсэн тохиолдолд тус бүлэг салж, сарниж ч нөхцөл байдал бий болж мэднэ.
"Шударга ёс" эвслийн бүлгийн хувьд ийм байгаа бол УИХ дахь МАН-ын бүлэг “Дубайн гэрээ”-г шалгаж дүгнэлт өгөх ажлын хэсгийг байгуулжээ. Тэдний шийдвэр ч мөн олон нийтэд сонин байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (22)