Энэ сарын 24-ны ням гаригт баруун гурван аймгаас бусад аймаг болон Улаанбаатар хотод цахилгаан тасалдсан. Үүнээс үүдэж манай улсад 2.2 тэрбум төгрөгийн хохирол үүссэнийг урьдчилсан байлаар тогтоосон байна.
Төрийн өмчийн хорооны өчигдөр энэ талаар мэдээлснээр бол энэ нь зөвхөн урьдчилсан байдлаар тогтоосон хохирол юм. Хамгийн их хохирол амссан газар Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр бөгөөд 1.1 тэрбум төгрөгийн хохирол амсчээ.
Гэтэл холбогдох албаныхны мэдээлсэнчлэн хийсч явсан утас энэ их хохиролд буруутай гэсэн. Улаанбаатарын I цахилгаан станцын самбарт салхиар хөтлөгдсөн утас орооцолдож, өндөр хүчдэлийн улмаас богино хэлхээ үүсч гал гарснаар ням гарагийн амралтын өдрийг “харанхуй” өнгөрөөхөд хүргэсэн аж.
Харин энэхүү үлгэрт итгэхгүй хүн олон байна. Итгэхгүй байх ч үндэслэлтэй юм.
Хамгийн ноцтой үндэслэл нь хэн нэгний өшөө авалт, эрх мэдлийн төлөөх тэмцэл улсад 2.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан юм биш биз гэх таамаглал байна.
Төрийн өмчийн хорооны учир мэдэх дарга орон даяар цахилгаан тасарсан хэрэгт Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний дарга асан Ж.Равдандоржийг буруутай байж магадгүй хэмээн ярьсан. Гэтэл маргааш өдөр нь ТӨХ-оос уг мэдээллийг үгүйсгэсэн нь олон нийтийг эргэлзэхэд хүргэж байна.
Төрийн өмчийн хорооны Бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од Ж.Равдандоржийг “Дарханыг тоггүй болгоно” гэж ярьсан баримт ТӨХ-нд ирсэн хэмээн олон нийтэд зарласан. Дэлгэрүүлбэл, Ж.Равдандоржийн яриаг нууцаар бичсэн бичлэгт “Дарханыг найдвартай тоггүй болгоно. Тэнд миний итгэлтэй холбогч байгаа” гэх яриа бичигдсэн байсан аж.
Гэтэл өчигдөр Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонго “Энэ хэрэгт Ж.Равдандорж буруугүй” хэмээн мэдээллээ. Улаан цайм түүнийг сэжиглэж болох яриа байгууллагад нь ирсэн байхад бас тэрхүү нотолгоог шалгасан эсэх, хариу нь гарсан эсэх нь ч тодорхойгүй байхад “БУРУУГҮЙ” гэх дүгнэлтийг итгэл дүүрэн өгөх нь эрх санагдана.
Түүнчлэн цахилгаан тасарсан эхний өдөр ямар нь мэдэгдэхгүй нэгэн шувуу дэд станцын хаалттай аль нэг зайгаар орсноос болсон хэмээх мэдээлэл цацагдсан нь хүмүүст төдийлөн итгэл төрүүлээгүй биз. Тиймээс өнөө хэрээ, шаазгай, болжморын аль нэг нь болох шувууг сүүлдээ салхинд хийсч явсан уут болгож хувиргасан.
Эмнэлэг, сургууль барих их хэмжээний мөнгөөр улсыг хохироосон хэргийг домог болгох эсэх нь холбогдох албаныхны цаг хугацааны асуудал болоод байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)