Дэлхийн хөлбөмбөгийн холбооны удирдах байгууллага ФИФА авлигын томоохон сүлжээ болсон тухай барууны хэвлэлүүд шуугиж байна.
АНУ-ын прокурорууд ФИФА-гийн олон албан тушаалтныг луйвар, санхүүгийн залилан болон мөнгө угаасан хэрэгт буруутгажээ. Хамгийн ноцтой нь 24 жилийн хугацаанд өрнөсөн эдгээр гэмт хэргүүд олон арван сая долларын хүрээнд өрнөсөн байна.
Прокурорууд Өмнөд Африкын “Дэлхийн цом 2010-“ыг оролцуулаад ФИФА-гийнхан томоохон арга хэмжээнүүдийн үеэр хэрхэн хувьдаа ашиг унагах тухай олон башир төлөвлөгөө гаргасан байсныг олж тогтоожээ. Энд 2018 онд ОХУ-д болох тэмцээнүүд болон 2020 онд Катарт болох тэмцээнүүд ч багтсан байжээ.
ФИФА-г авлигын машин болгосон хэрэгт 14 хүнийг буруутгасан бөгөөд тэдний 7-г нь өчигдөр Швейцарийн Цюрих хотод баривчилсан байна.
Авлигын хэрэгт ФИФА-гийн өнөөгийн болон өмнөх гүйцэтгэх захирлууд багтжээ. Тодруулбал, Рафаель Эскуйвел, Николас Леоз, Жеффрэй Вебб, Жак Варнаер, Эдуардо Ли, Эвгенио Фигуередо болон Жөүс Мария Марин нар энэ хэрэгт татагджээ.
Авлигачдын тоонд багтаагүй ФИФА-гийн Ерөнхийлөгч Сепп Блаттер энэхүү хэргийн дараа авлигын хэрэгт холбогдсон хэн бүхнийг холбооноосоо хөөнө, цаашид авлигатай хатуу тэмцэнэ хэмээн мэдэгджээ. Түүнчлэн баривчлагдаад байгаа хүмүүст урьдчилсан байдлаар захиргааны хариуцлага тооцно гэдгээ зарласан байна.
ФИФА маргааш Ерөнхийлөгчийн сонгуулий явуулахын өмнөхөн энэхүү дуулиант хэрэг гарсан нь олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Ноён Блаттер ерөнхийлөгчийн албан тушаалд 5 дахь удаагаа заларна гэх таамаглал их байгаа аж. Хэдий тийм ч Европын хөлбөмбөгийн байгууллага УЕФА сонгуулийг хойшлуулахыг уриалаад байгаа юм.
Албаныхны мэдээлснээр гэмт хэрэгтнүүд 1991 онд эхэлсэн авлигын сүлжээг 24 жил үргэлжлүүлэхдээ 150 сая ам.доллар идсэн гэжээ. “Тэд дэлхийн спортын бизнесийг өөрсдийгөө баяжуулах, ашиг сонирхлоо хэрэгжүүлэх авлигын машин болгосон” хэмээн АНУ-ын Хууль зүйн сайд Лоретта Линч ярьжээ.
“Тэд дэлхийн спортын бизнесийг өөрсдийгөө баяжуулах, ашиг сонирхолоо хэрэгжүүлэх авлигын машин болгосон”
Түүнийхээр гэмт хэрэгтнүүдийн ийм сүлжээ үүсгэснийг нотолсон байна.
1. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс хөлбөмбөгийн тэмцээн сурвалжлах эрх олгохдоо авлига авах
2. Томоохон тэмцээнүүдийг зохион байгуулах эрх өгөхдөө авлига авах
3. Луйвар
4. Мөнгө угаах
5. Тайлан гаргахдаа санхүүгйин залилан хийх зэрэг аж.
Хэрэгт холбогдогсод албан тушаалаа ашиглан хувьдаа их хэмжээний ашиг олсон байна. Жишээлбэл, ФИФА-гийн Дэд Ерөнхийлөгч асан Жак Варнер “Дэлхийн цом 2010”-ын үеэр л гэхэд 10 сая ам.долларын авлига авсан хэмээн буруутгагдаж байна. Хэрвээ тэрээр буруутай нь тогтоогдвол 20 хүртэлх жилийн ял авах юм байна.
Д.Идэр
www.24tsag.mn