Пакистаны мөрдөн байцаагчид олон улсад хуурамч диплом олгодог томоохон фирмийн захирлуудыг баривчилсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Тодруулбал, олон улсын интернэт технологийн “Аxact” фирмийн Гүйцэтгэх захирал Шоаиб Шейх болон түүнийг орлогч Вакас Атик нарыг баривчилсан байна.
“Аxact” фирмийн захирлуудыг онлайнаар их дээд сургуулийн хуурамч диплом худалдаалж олон сая долларын залилан хийсэн, мөнгө угаасан хэргүүдэд буруутгажээ.
Сэжигтнүүдийг өчигдөр орой Карачи хот дахь албаных нь байрнаас баривчилсан байна. Албаныхны мэдээлснээр тэдний ажлын өрөөнөөс олон мянган хүний хуурамч диплом, оюутны үнэмлэх, баталгаажуулалтын баримт бичгүүд олджээ.
Байгууллагийн зүгээс баривчилгааг “үндэслэлгүй” хэмээн мэдээлээд байгаа юм байна. Харин Пакистаны Улсын мөрдөн байцаах газрын Синх мужийн дарга Шахид Хаяат “бидэнд хангалттай нотолгоо бий” хэмээн мэдэгдсэн байна.
Арав хоногийн өмнө “Нью-Йорк Таймс” сонинд дээрх компанийн хууль бус үйлдлийн тухай мэдээлэл нийтлэгдсэнээр шалгаж эхэлсэн аж.
1997 онд үүсгэн байгуулагдсан “Аxact” фирм нь 120 гаруй оронд үйл ажиллагаагаа хүргэдэг бөгөөд 25 мянга гаруй албан хаагчтай юм байна.
Г.Үжин