Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж буй аж, ахуй нэгж, компаниудын төлөөлөл өөрсдөдөө тулгамдаж буй асуудлаар яг одоо Төрийн ордонд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Хаянхярваа, М.Зоригт нар оролцож байгаа юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг нийт 24 байршилд 42 компани гүйцэтгэж байгаагаас уг хэлэлцүүлэгт 20 гаруй компанийн төлөөлөл ирж, санал дүгнэлтээ хэллээ. Ингээд уг ажлыг гүйцэтгэхэд ямар бэрхшээл тулгарч буй талаар компаниудын төлөөллийн хэлсэн үгийг хүргэж байна.
“Цагаан хуаран” консалтинг компанийн захирал П.Ганзориг: 20 сая төгрөгийн үнэтэй газар нэг жилийн дотор 120 сая төгрөг болж нэмэгдэж байна
- Манай компани бүх шалгуурыг хангаад ажиллаж байна. Өнгөрсөн жил эхний барилгуудаа хүлээлгэж өгсөн. Иргэдийн 25 нь гэрээ байгуулахгүй гэдэг. Тэд гэрээ байгуулахгүй гэж гүрийж байгаад гэрээ байгуулсан хүмүүсийг өөрсдөдөө нэгдэхийг уриалдаг. Өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлэх үүднээс мэдээлэл тарааж хийсэн гэрээг буцаалгах гэдэг. Эндээс үзвэл 25 хувийн эрх ашиг нь илүү юм уу. 75 хувийн эрх ашиг нь илүү юм уу гэдэг асуудал үүсдэг. Эргээд 25 хувийн эрх ашгаа бодох гэхээр нөгөө 75 хувийн эрх ашиг хөндөгдөх гэдэг. Газрын үнэлгээг тогтоохдоо бид өмнө нь судалгаа хийхэд нэг газар 20 орчим сая төгрөгийн үнэлгээтэй байсан. Гэтэл дахин төлөвлөлтийн ажил эхлэхээр иргэд газрын үнээ огцом нэмсэн. Манай байгууллага л гэхэд нэг айлын газрыг дунджаар 120-140 сая төгрөгөөр худалдаж авч гэрээ байгуулсан. Газрын үнэ зургаа дахин өссөн жишээ энэ. Уг нь хоёр талт гэрээнд “Та нэгэнт гэрээ байгуулсан бол өөр этгээдтэй гэрээ байгуулахгүй” гэж зааж өгсөн байдаг. Хөрөнгө мөнгөө бүгдийг нь өөрсдөө гаргаад эрсдлээ 100 хувь үүрч байгаа компаниудад төсөл хэрэгжүүлэхэд нь баталгаа болно, ажлаа саадгүй явуулахад нь дэмжлэг үзүүлнэ гэж байгаа боловч эргээд иргэд энэ асуудлыг эсэргүүцээд ирэнгүүт урдаас нь хатуу зогсож чадахгүй байна. Ийм зүйлээс болж гацаа үүсч байна. Газартай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтыг яаралтай хийж өгөхгүй журмаар явахад хэцүү. Дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж байгаа компаниуд өөрсдөө хөрөнгөө гаргаад ажлаа эхлүүлэх гэтэл бүх зүйл иргэдээс болж гацаад байна. Энэ маш хүндрэлтэй байна. Иргэдээс гомдол ирээд байгаа учраас нийслэл хэсэгчилсэн төлөвлөгөөгөө гаргаж өгөхгүй байгаа. Энэ мэт асуудлаас болж ажил гацсаар л байна.
“Бэрэн” группийн төлөөлөл н.Эрхэмбаяр: 4 асуудлыг даруй шийдмээр байна
- Компаниудын эрх ашгийн төлөөлж дөрвөн асуудлыг яримаар байна. Хууль, эрх зүйн орчин дутмаг. Хотыг хөгжүүлэх хууль батлагдана гээд 2-3 жил болж байна. Энэ хууль батлагдах шаардлагатай. Бид уг ажилд хөрөнгө мөнгөө оруулаад явж байна. Бидний эрх ашгийг ярьж байгаа ганц ч хүн байхгүй. Компаниудын ард өчнөөн ажилчид байна. Бид өөрсдөө ажил олгогч. Эрсдлээ даагаад энэ ажил руу орж байгаа. Тоглоомын дүрэм нэг байх ёстой. Иргэн, компани, төр засаг бүгд нэг ижил л ойлголттой хэргтэй юм. Хоёрдугаарт, норм стандартын асуудал байна. Манай стандарт маш их хоцрогдсон. Бид шинэ, технологи оруулж ирмээр байна. Улаанбаатар дулаан, цэвэр, бохир усны хангамж муу байна. Үүнийг барууны технологиор шийдэх ёстой. Гуравдугаарт, энэ төсөл дундаас урт хугацааных. Бид бүтэн жилээр 100 айлд түрээсийн мөнгө өгч байна. Энэ нь компаниудад дарамттай байгаа. Тиймээс урт хугацааны зээл авах боломжийг нээж өгмөөр байгаа юм. Бид арилжааны компаниудаас богино хугацаагаар хүү өндөртэй зээл авдаг. Дөрөвдүгээрт, дэд бүтцийн хангамжийн асуудал. Дулаан, цэвэр, ариутгах татуурга, цахилгаан гэх мэт. Гэтэл Улаанбаатар хотын дэд бүтцийн хангамж дуусчихаад байна. Бид 20 давхар барилга баримаар байдаг. Гэтэл нийслэлээс энэ газар дээр 6-7 давхар барилга барь гэдэг. Алслагдсан байршилд дулаан хангамж байхгүй, уурын зуухаар шийдье гэдэг. Энэ нь эргээд бидэнд сөргөөр нөлөөлдөг. Жишээ нь, Зуун айлын газар дээр 300-400 айлын орон сууц баривал бидэнд ашиггүй. Түүний оронд 1000 айлын орон сууц баривал илүү ашигтай байна.
“Пример Инвест” компанийн төлөөлөл н.Мягмардорж: Газар өмчлөх гэрчилгээ бидэнд ирэхгүй байгаа
- Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулах үед хорооллоор нь шийдэж байгаа. Тэгэхээр 100 нэгж талбайтай газар дээр 8-10 барилга бариад эхлэхээр газраа өгөхгүй гэсэн айлууд ажилд маш их саад учруулдаг. Ногоон байгууламж хийх, дэд бүтэц тавигдах зам дээр эсвэл барилгын аль нэг буланд нь таарсан айлууд гэдийгээд суучихдаг. Тэгэхээр 2020-2030 оны дахин төлөвлөлтийн чиг хандлагын дагуу ажил хийнэ гэхээр хүндрэл үүсч байна. Бид хотын бусад барилгууд шиг шигүү, зайгүй барьсан барилгууд шиг хороолол барих юм уу орчин үеийн шилдэг хорооллоо барих юм уу гэдэг эргэлзээтэй байна. Манай компани м.кв газрыг 200 мянгаар үнэлээд авч байгаа. Үнэлгээний үнийг хооронд нь нэмээд байрны үнээ үржүүлээд ойролцоогоор 90 мкв байр өгч байгаа.
Уг хэлэлцүүлгээс дүгнэлт гаргаж Байнгын хороо, УИХ-д танилцуулах юм байна. Мөн Засгийн газарт үүрэг, чиглэл өгч ажиллах аж. Ингэж байж дахин төлөвлөлтийн асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргуулж чадна гэж хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байна. Мөн газрын асуудлыг зохицуулсан хуулийг даруй батлахыг компаниудын төлөөлөл хүслээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)