Төв цэвэрлэх байгууламж хүчин чадлаа дийлэхгүй болсон учраас нийслэлчүүдийн бохирыг 3 хоногийн хугацаанд Туул гол руу цутгана гэсэн мэдээлэл өчигдрөөс эхлэн гарсан. Энэ мэдээлэл ч үнэн гэдгийг албаныхан хэлж байна. Төв цэвэрлэх байгууламж нь 1964 онд ашиглалтад орсон бөгөөд хүчин чадал хоногт 170.000 м3 юм. Цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил нийслэлийн Концессын жагсаалтад багтан зураг төсөл гүйцэтгэх тендэр нь зарлагдсан ч гэрээ хийх шатандаа маргаан гарч тодорхойгүй хугацаагаар зогссон байна. Улаанбаатар хотод арьс ширний 27, ноос ноолуурын 27, өлөн боловсруулах 16 үйлдвэр байгаа ба эдгээр үйлдвэрүүдээс гарч байгаа бохир ус нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг аж. Хэрвээ Туул гол руу бохирыг цутгавал ундны усны байдал аюултай хэмжээнд хүрнэ гэж Байгаль, хамгаалалын мэргэжилтнүүд хэлж байна.
Уг байгууламжийг шинэчлэхэд хэр, их хэмжээний хөрөнгө шаардлагатайг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболдоос тодрууллаа.
Тэрбээр “Зам барина, утааг бууруулна, тийм төсөл хэрэгжүүлнэ гэдэг. Амьдрал руу чиглэсэн юм руугаа хөрөнгө гаргахаас аргагүй. Засгийн газраас гаргасан судалгаагаар 1 тэрбум орчим ам.доллар шаардлагатай гэсэн дүн гарсан. Аль нэг улсад санал тавиад гадны хөрөнгөөр шийдэхээс аргагүй. Тодорхой хувийг улсын төсвөөс гаргах хэрэгтэй. Энэ асуудлыг яаралтай шийдэхээс аргагүй. Улаанбаатар хотоос 1 км газар яваад очиход Туул гол ямар бохирдолтой урсаж байна вэ, хүн мал юугаар ундаалж байна вэ гэдэг нь тодорхой харагдана. Энэ нь эргээд хүнсний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тийм учраас байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд тогтоол гаргаж, Засгийн газарт хүргүүлнэ” гэв.
Т.Хулан
Сэтгэгдэл (6)