Кенийн шүүх өчигдөр улсдаа томоохонд тооцогддог Ага Хан их сургуулийн эмнэлгийг олон мянган долларын торгууль төлөх шийдвэр гаргажээ. Тодруулбал, энэ эмнэлгийн үйлчлүүлэгч эмэгтэй жирэмслэлтээс сэргийлгэх суулгац тавиулсан ч үр дүн нь гараагүй байна. Эмнэлгийн зүгээс үйлчлүүлэгчдээ ойрын 3 жил хүүхэдтэй болохгүй гэсэн ч гомдол гаргагч нэг жилийн дараа жирэмсэлжээ.
Хохирогч гомдолдоо аль хэдийн хоёр хүүхэдтэй учраас дахин хүүхэд төрүүлэхийг хүсээгүйгээ онцолжээ. Мөн жирэмсэлснээр түүний амьдралд томоохон асуудлууд тулгарсан байна. Төлөвлөөгүй жирэмслэлт эмэгтэйн хууч өвчнийг сэдрээгээд зогссонгүй санхүүгийн дарамт авчирч мөн нөхөртөө худал ярьсан мэт ойлгогдсоноор гэр бүл салах асуудал ч үүссэн байна.
Албаныхны мэдүүлснээр хэргийг хэлэлцэх шүүх хуралд нийслэл Найробид орших буруутан эмнэлэг төлөөлөгчөө ирүүлээгүй аж.
Дээд шүүх эмнэлгийг эмэгтэйд учруулсан гарз хохирлыг барагдуулахад 5000, хүхүдийг нь өсгөхөд 43000 долларын төлбөр төлөх шийдвэр гаргажээ.
Г.Үжин