Ажил хаяалтийг эсэргүүцэн ажлаа хийх хүсэлтэй байгаа нийтийн тээврийн ажилчдын төлөөлөл болох “Автобус 1” баазын жолооч, кондукторууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд ажил хаяж буй жолооч, кондукторууд бусад ажлаа хийх хүсэлтэй, ажил хаяхгүй гэдгээ мэдэгдсэн ажилчдыг хүчээр ажил хаяхыг шаардаж улмаар автобусны дугуйн дор орж хэвтчихээд ажиллах эрхийг нь хязгаарлаж байгаад эгдүүцэж байгаагаа илэрхийлэв. Мөн “Нийтийн тээвэрийнхэн үйлдвэрлэгч байгууллага биш үйлчилгээний байгууллага учраас ажил төрлөө хийж ард түмэндээ үйлчилмээр байна. Гэтэл бидний ажиллах эрхийг хязгаарлаад гурав хоног боллоо. Хэсэг бүлэг хүний турхиралтын дагуу ажил хаячихаад энгийн ажилчид бидэнд үнэхээр саад болж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.
“Автобус 1” баазын жолооч Ж.Ганбаатар “Ажил хаяж байгаа хүмүүс ажил хийх хүсэлтэй иргэдэд саад болж байна. Бид нар ажлаа хийх гэхээр автобусны доогуур орж хэвтээд янз бүрийн хууль бус үйл ажиллагаа явуулж бидэнд саад болж байна. Одоогийн байдлаар гурав хоног ажиллалгүй цалингаа авч чадахгүй хүрлээ. Иймээс бид хохирлоо төлүүлэхээр хуулийн байгууллагад гомдол гаргах болно. Иргэдийн ажлыг хийлгэхгүй байгаа нь бидний эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Бид хохирлоо нөхөн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагад өгч, шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсэн юм.
Харин “Автобус 1” баазын дарга Ч.Ононбаяр “Хэсэг бүлэг хүнээс болж нийтийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Ажил хаях нь хаяад, ажлаа хаяхгүй ээ гэсэн нь ажлаа хиймээр байна. Гэтэл үйлдвэрчний эвлэлийн гишүүд тэргүүтэй хэсэг хүмүүс бусад хамт олныхоо ажил хийх эрхийг боогдуулж байна. Өнөөдөр жолооч, кондукторууд сая орчим төгрөгийн цалин авдаг. Энэ хүмүүсийн цалинг дахиад хүслээр нь нэмчихвэл 400-500 мянган төгрөгийн цалинтай эмч, багш нар хэрхэх билээ” гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл (1)