УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
2002 онд УИХ-аас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль баталсан. Уг хуулийн 27 дугаар зүйлд “Иргэн өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-д барьцаалах эрхтэй” гэж заасан. 2010 онд баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуулийн дагуу иргэн зээлээ төлж чадахгүй заавал шүүхэд хандаж, 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэх журам үйлчилж байгаагаас банк, ББСБ-ууд газар барьцаалж, зээл олгох сонирхолгүй болж байна. Иймд иргэн болон банк, ББСБ гэрээндээ үл маргах журмаар буюу харилцан тохиролцож, нотариатын мэдэгдэх хуудсыг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан бол барьцааны зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдах зохицуулалтыг шинээр нэмж тусгалаа хэмээн Хууль зүйн сайд Д.Дорлигжав хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.
Хуулийн төсөлтэй холбоотой Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулав. Тэрбээр, “Дээрх хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар гэрээний талууд харилцан тохиролцоод үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрөн гарын үсэг зурсан байхад заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлага байгаа эсэхийг судлах, УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар хүүхдийн өмчлөлийн газрыг захиран зарцуулах болон өв залгамжлалын асуудалд нухацтай хандаж, холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах зэрэг саналыг гаргасан. Хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн” гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Өмчилж авсан газраа эдийн засгийн эргэлтэд оруулах гэдэг утгаар энэ хуулийг дэмжиж байна. Гэхдээ иргэд гарын үсэг зурсан тохиолдолд шүүхээр дамжихгүйгээр шууд дуудлага худалдаанд оруулах заалт маргаан дагуулж мэднэ. Хууль ёсоор байшин, барилга зэрэг үл хөдлөх хөрөнгөө барьцаалчихаад газрынхаа бичиг баримтыг зарах, бусдад худалдах асуудал гардаг. Тиймээс энэ бүхнийг нарийн зохицуулах нь чухал гэв.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав, “Л.Болд гишүүн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр хүүхдийн өмчийн газрыг эцэг эх нь худалдан борлуулахыг хориглох тухай санал хэлж байсан. Энэ нь Иргэний тухай хуультай зөрчилдөнө. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд насанд хүрээгүй хүүхдийн өмчийг эцэг эх, асран хамгаалагч нь захиран зарцуулна гэсэн заалттай зөрчилдөж байгаа юм. Газар болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны маргаан хуулийн байгууллагад ихээхэн хүндрэл учруулдаг. УИХ-д өргөн бариад буй Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан үед газрыг нь хэрхэн шийдвэрлэх талаар заалт оруулсан” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, “Энэ хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Гэхдээ Л.Болд гишүүний хэлсэн хүүхдийн өмчийн газрыг барьцаалах, худалдан борлуулах талаар нарийн судлах хэрэгтэй. Иргэний хуульд газрын талаар тусгайлсан заалт оруулж, хүүхдийн өмчийн газрыг худалдах, барьцаалахыг хориглосон ч болох юм” гэв.
Харин УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, “2004 оноос иргэн бүрт газар өмчлүүлж эхэлсэн. Харин энэхүү газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад ямар бодлого баримтлах вэ гэдгийг өнөөг хүртэл шийдвэрлээгүй байсан. Одоо харин холбогдох хуулийн төслийг сайжруулж байна. Гэхдээ газар барьцаалах, газар дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалах заалт оруулах хэрэгтэй” гэсэн санал хэллээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Долоо хэмжиж нэг огтлох ёстой. Гэтэл энэ хуульд нарийн судалсан тоо баримт огт алга. Тиймээс нарийн тооцоо, судалгаанд тулгуурлан хуулийн төслийг боловсруулах нь зөв” гэлээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.