Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооноос “Бөхчүүд улсын хилд” арга хэмжээг энэ сарын 15-25-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороо, Хилийн ангиудтай хамтран зохион байгуулсан байна. Бөхчүүд хилийн анги, заставуудад ажилласан талаараа өнөөдөр мэдээлэл хийсэн юм.
Мэдээллийг “Хилчин” спорт хорооны дарга, дэд хурандаа, улсын заан Ц.Мягмарсүрэн тус хорооны дасгалжуулагч, улсын начин Ц.Бүрэнбаатар, ахмад, улсын заан Т.Санчир, ахмад, улсын харцага Ц.Содномдорж, ахлах дэслэгч, улсын харцага Ж.Амартүвшин, ахлах дэслэгч, улсын начин С.Багахүү нар хийлээ.
Улсын харцага Ц.Содномдорж “Энэхүү арга хэмжээнд “Хилчин” спорт хорооны дарга, улсын заан, дэд хурандаа М.Мягмарсүрэн, улсын аварга, дэд хурандаа С.Мөнхбат, улсын гарьд, ахмад Ж.Бат-Эрдэнэ, дэд хурандаа Д.Баасандорж, М.Өсөхбаяр, ахмад Т.Санчир, Б.Соронзонболд, улсын харцага, ахмад Ц.Содномдорж, улсын начин, дэд хурандаа Н.Бүрэнбаатар нарын 11 бөх оролцсон. Аймгийн төвийн ангиуд болон хилийн застав дээр очиж, цэргийн бие бүрэлдэхүүн, алба хаагчидтай уулзаж ярилцан, бөхийн барилдаан зохион байгууллаа.
Хил манаж байгаа алба хаагчид, хилчдийнхээ сэтгэл санааг дэмжих, урам зориг хайрлах гээд олон талын ач холбогдолтой энэ уулзалтад хилчид, алба хаагчид маань сэтгэл өндөр байсан. Их сайхан хүлээж авсан" гэв.