Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт этгээдийг олж тогтоох, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүн, хуулийн этгээдэд ял шударгаар оногдуулах, хуулийн этгээд, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдэж байдаг. Иймд энэхүү зорилтод нийцүүлж уг хуулийн төслийг боловсруулсан байна. Хэлэлцүүлгийн үеэр гурван гишүүн хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бол мөн гурван гишүүн дэмжихээ хэлсэн. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.