Завхан аймгийн Прокурорын газраас Улсын Ерөнхий Прокурорын 32 дугаартай тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа түүнд тавих прокурорын хяналтын ажилд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөн аргачилсан заавар”-т заасны дагуу Хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагатай хийх нэгдсэн зөвлөгөөнийг 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулжээ.
Уг зөвлөгөөнд Аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий албан тушаалтанууд, Шүүхийн шинжилгээний албаны дарга, шинжээч нар оролцсон байна.
Нэгдсэн зөвлөгөөнөөр эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, хөдөлгөөн, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар, үр дүн, учирч буй хүндрэл бэрхшээл түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замын талаарх санал хүсэлт, прокурор, мөрдөн байцаах байгууллага, шинжилгээний албаны хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлуудын талаар хэлэлцсэн ба Аймгийн прокурорын газраас судалсан шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн талаархи судалгааны дүнг хэлэлцүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, дахин гаргахгүй байх, хууль, журам, зааврыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах талаар харилцан ойлголцож нэгдсэн шийдвэр гаргажээ.
Түүнчлэн хэлэлцсэн асуудлуудын хүрээнд цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар аймгийн Прокурорын газраас Цагдаагийн газар болон Шүүхийн шинжилгээний албанд зөвлөмж хүргүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/