Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон дэлгүүр, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтыг хүүхдийн тоглоом, боож бэлтгэсэн бэлэг гэсэн хоёр чиглэлээр явуулсан юм.
Баянзүрх дүүргийн хяналт шалгалтыг “Нарантуул” олон улсын худалдааны төвд явуулав. Шалгалтын комисс эхлээд хүүхдийн тоглоомын тасгуудад шалгалт хийхэд мөнөөх л шалгалт бүрээр илэрдэг нэг үгээр хэлбэл улиг болсон зөрчилүүд илэрсэн. Тухайлбал гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын шаардлага хангахгүй химийн будагч бодис ихээр агуулагдсан, хүүхдэд айдас төрүүлэхүйц, дуу чимээ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт давсан, хурц үзүүртэй тоглоомууд ихээр худалдаалагдаж байсан юм.
Тиймээс улсын байцаагч нар зөрчилтэй байгаа тоглоомуудыг хураана гэхэд тоглоом зарж байсан худалдагч нар эсэргүүцэж “Монгол Улс даяараа л зах дээр байгаа тоглоомуудыг зарж байгаа. Үнэхээр шалгахаар бол амь зуух гэж ядаж байгаа захынхныг бус томоохон дэлгүүр супермаркетаа шалгаж, тоглоомыг нь хураачихаад дараа нь бидний тоглоомыг хураа” хэмээн эсэргүүцэл илэрхийлэв.
Харин улсын байцаагч тоглоомуудад ямар нэгэн дагалдах бичиг баримт байгаа эсэхийг тодруулахад гаалиар оруулж ирэхдээ төлсөн татварын баримтаас өөр үзүүлэх зүйл тэдэнд байгаагүй бөгөөд өөрсдийгөө хууль бус үйлдэл хийгээгүй, бизнес л эрхэлж байна гэцгээн бухимдцгааж байлаа.
Үнэндээ ч тэдгээр наймаачдыг буруутгах аргагүй. Эхнээсээ л импортоор орж ирэхэд нь шалгаж, хянадаг бол лангуун дээр ирсэн хойно энэ мэтээр бараа бүтээгдэхүүнийг хураана хэмээх нь бизнес эрхэлж байгаа хүмүүсийн бухимдалыг төрүүлэх нь тодорхой мэт санагдаж байлаа.
Манай улсад хүүхдийн тоглоом хяналтгүй орж ирж, худалдаалагддаг болох нь дээрх шалгалтаар тодорхой болов. Импортын бараа бүтээгдэхүүнийг эрсдлийн бүлгээр нь ангилан шалгаж импортоор оруулж ирдэг болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлдэг.
Тэгвэл хүүхдийн тоглоом нь бага эрсдэлтэй бүлэгт багтдаг бөгөөд тус бүлэгт багтсан бүтээгдэхүүний хаяг шошгыг шалгаад хэрэв зөрчилгүй бол хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг.
Гэтэл “Нарантуул” зах дээр зарагдаж буй хүүхдийн тоглоомуудад хаяг шошгын шаардлага хангахаар тоглоом нэг ч байхгүй байгаа нь нүднээ илт байлаа. Тодруулбал тухайн тоглоом дээр хэдээс хэдэн насны хүүхэд тоглоход тохиромжтой, хэрхэн халдваргүйжүүлэх ёстой, ямар түүхий эд материалаар хийгдсэн зэрэг олон мэдээллийг 2-3 орны хэлээр бичсэн байх ёстой байдаг аж.
Гэвч хүүхдийн тоглоомын бараг 90 гаруй хувийг эзэлдэг БНХАУ-аас оруулж ирсэн тоглоомуудад дээрх стандартад нийцэх тоглоом байхгүй байсан юм. Тэгэхээр өнөөдөр хүүхдийн тоглоом манай улсад ямар ч хараа хяналтгүй орж ирдэг гэхээс өөр дүгнэлтэд хүрэх боломжгүй болов. Үнэхээр хянаж шалгадаг байсан бол бага эрсдэлтэй бүлэгт багтдаг тоглоом наандаж л хаяг шошгын зөрчилгүй байх байсан мэт санагдана.
Тиймээс Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Цэцэгээгээс зарим нэгэн зүйлийг тодрууллаа.
Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Цэцэгээ:
-Та бүхэн хүүхдийн тоглоомонд ер нь шалгалтыг хэр хийдэг вэ. Чанарын шаардлага хангахгүй тоглоом нэлээд худалдаалагдаж байх шиг байна?
-Бид 2014 онд төлөвлөгөөт хяналт шалгалтаар хүүхдийн тоглоомын аюулгүй байдалд шалгалт хийсэн. Энэ онд бол төлөвлөгөөт шалгалт хийгдээгүй.
Харин Хүүхдийн баярыг угтаж өнөөдөр урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг хүргэх үүднээс төлөвлөгөөт бус шалгалтыг хийж байгаа юм. Харин шалгалтаар хүүхдийн эрүүл ахуйд сөрөг нөлөөлөл үзүүлэхүйц хурц үзүүртэй сэлэм, хийлдэг бөмбөлөг, дардас зэрэг нэлээд олон нэр төрлийн шаардлага хангахгүй тоглоомыг хурааж авлаа.
-Мэдээж хүүхдийн тоглоом эрүүл ахуйн шаардлагыг зайлшгүй хангасан байх нь ёстой байх. Гэтэл энэ захад л гэхэд шаардлага хангахгүй тоглоом маш их байна шүү дээ. Энд хэн хяналт тавих ёстой байдаг юм бэ?
-Хүүхдийн тоглоомд хаяг шошгын, гарал үүслийн зөрчил ихээр илэрч байна. Энэ нь мэдээж хилийн хяналтад хамаарах ёстой зүйл байх. Гэхдээ бид зохих ёсны хяналтаа хийж ажиллаж байгаа. Үүний үр дүнд ч үрлэн сумтай буу, резенин зөөлөн тоглоом зэрэг шаардлага хангахгүй тоглоомууд худалдаалагдах нь харьцангуй багассан. Харин дээр хэлсэн хаяг шошго, гарал үүслийн зөрчил огт арилахгүй байсаар байгаа нь нууц биш юм. Ингэхээр хүүхдийн тоглоом чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм шүү дээ.
Энэхүү мэдээллийг “Нарантуул” худалдааны төвийн эрүүл ахуйч Н.Мөнхзул эрс үгүйсгэсэн. Тэрбээр “Манай зах дээр зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүн бусад газарт зарагдаж байгаа бараатай яг адилхан хилийн хяналтаараа шалгуулаад орж ирдэг.
Манайх улсын хэмжээний онцгой объект гэдэг утгаараа Нийслэлийн Мэргэжлийн хяналт газар, Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэстэй байнга хамтарч ажилладаг.
Зургаахан сарын өмнө бид бүх бүтээгдэхүүндээ шинжилгээ өгөөд энд эрүүл ахуйн шаардлага хангаагүй нэг ширхэг ч бүтээгдэхүүн алгаа гэсэн улсын байцаагч Д.Цэцэгээгийн дүгнэлт гараад нийт түрээслэгч нартаа бараа бүтээгдэхүүнээ худалдаалах зөвшөөрлийг өгсөн” гэсэн мэдээллийг өгөв.
Улсын байцаагчаас өөр зүйл ярих түүнээс дахин хэдэн зүйлийг нэмж тодрууллаа.
Нарантуул худалдааны төвийн эрүүл ахуйч Н.Мөнхзул:
-Танай захад зарагдаж буй бараа бүтээгдэхүүнийг хаяг шошгын болоод гарал үүслийн бичиггүй байна гэх зөрчил ихээр гарч байгаа болон чанарын шаардлага хангахгүй байгаа тоглоомууд зарж байгааг улсын байгцаагч хэлж байна шүү дээ?
-Би дээр хэлсэнчлэн бид зургаан сарын өмнө шалгалт хийгээд шаардлага хангаагүй бүтээгдэхүүн байхгүй байна гэсэн улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулсан. Ер нь ямар ч бүтээгдэхүүнийг нүдээр шууд хараад чанарын шаардлага хангахгүй байна гэж хэлж болохгүй биз дээ. Харин лабораторын шинжилгээгээр л үүнийг батлах боломжтой. Тэгэхээр шинжилгээ хийгээгүй байж, ийм дүгнэлт хийж байгаа нь хэтэрхий өрөөсгөл зүйл боллоо гэж би хувьдаа дүгнэж байна.
-Тэгвэл энд зарагдаж байгаа бүтээгдэхүүнд гарал үүслийн бичиг, хаяг шошгын зөрчил үнэхээр байна шүү дээ. Бид ч үүнийг нь харж байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Хилээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд алхам шат бүртээ хяналттай байдаг. Тухайлбал хилээр оруулж ирэхэд хилийн хяналт, оруулж ирсэн хойно нь МХЕГ-ын хяналтын шалгалтад хамрагддаг. Харин хамгийн сүүлд лангуу дээр дэлгэгдсэн байхад нь тухайн дүүргийн, аж ахуйн нэгжийн хяналтад хамрагддаг. Гэтэл яагаад шууд хараад л шаардлага хангахгүй гэж хэлж байгааг ойлгосонгүй. Харин хаяг шошгын зөрчлийн асуудал бол Монгол Улсын бодлогын асуудал гэж би бодож байна. Гэсэн хариултыг өглөө.
Ер нь эцэст нь өгүүлэхэд Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багагчууд маань эрүүл аюулгүй орчинд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэх учиртайг холбогдох албаныхан анхааралдаа авч хүүхдийн тоглоомны улиг болсон зөрчилүүдийг арилгуулах, дахин давтуулахгүй байх талаар анхаарал хандуулах цаг ирсэнийг энд дахин өгүүлье.
“Нарантуул” захын хүнсний тасгийн хүүхдийн бэлгэнд шалгалт хийхэд бэлэг боосон лангуу тун ховор байв. Учир нь тус захад бөөний худалдаа зонхилдог тул бусад дэлгүүр, худалдааны төвүүд эндээс бэлгэнд орох амттанаа бөөнөөр худалдан аваад цааш бэлэг болгон боож зардаг аж.
Тиймээс бэлэг бэлтгэсэн лангуу цөөн байсан юм. Гэхдээ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын удирдамжийн дагуу улсын байцаагч нар бэлэг бэлтгэсэн зарим нэгэн лангуунд шалгалт хийхэд ноцтой зөрчил илэрсэнгүй.
Ер нь сүүлийн жилүүдэд иргэдийн эрүүл ахуйн талын мэдлэг сайжирсан тул бэлгэнд орсон бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн шалгадаг болсон нь ч үүнд нөлөөлсөн гэдгийг бэлэг борлуулж байсан худалдагч нар хэлж байсан юм.
Тиймээс бид иргэд бэлгэнд ихэвчлэн ямар бүтээгдэхүүн авч байгааг сонирхолоо. Энэ үед худалдагч нар “Үнэ хямд, овор ихтэй чипс, Сумо печень зэрэг амттаныг ихээр авч байна” гэх хариултыг өгч байв.
Харин энэхүү төлөвлөгөөт бус шалгалтын эцэст НМХГ-ын ХХААҮҮХХ-ийн дарга Д.Энхбатын дүгнэлтийг сонсов.
Тэрбээр "Нарантуул" захад зарагдаж байгаа тоглоомын 90 хувь БНХАУ-аас орж ирдэг. Өмнөх жилүүдийг бодвол зөрчил багассан байна.
Тухайлбал дуу чимээ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их, хүүхдийн айдас төрүүлэхүйц тоглоом, үрлэн сумаар бууддаг буу, зарим бүтээгдэхүүнд хаяг шошгын шаардлага хангахгүй бүгд хятад хэл дээр, химийн бодис нь өндөр байсан зэрэг зөрчилүүд өнгөрсөн жилүүдэд илэрч байсан. Шалгалтын явцад зарим зөрчлөө арилгасан байна.
Хүүхдийн бэлгийн хувьд өнгөрсөн жил хугацаа нь дууссан бүтээгдэхүүн, шошгын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн, сав баглаа боодол эвдэрч, гэмтсэн чанар нь алдсан бүтээгдэхүүн бэлгэнд боох асуудал гарч байсан. Энэ жилийн хувьд харьцангүй бага байна гэх мэдээллийг өгсөн юм.
Ямартай ч хүүхдийн “нүдийг хуурах”-ын тулд хямд чанаргүй бүтээгдэхүүнээс зайлс хийхийг холбогдох албаныхан иргэдэд анхаарлуулж байлаа. Түүнчлэн түргэн муудаж гэмтдэг бүтээгдэхүүнийг зөв зохистой хэрэглэх шаардлагатай гэдгийг ч сануулж байсан юм.
24tsag.mn Б.Батчимэг
Сэтгэгдэл (3)