УИХ-ын чуулганы хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Прокурорын байгууллагын тухай хуулийг 1993 онд баталжээ. Үүний дараагаар 2002 онд уг хуулийг шинэчилсэн нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд уг хуулинд 8 удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. Харин энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр Прокурорын байгууллагын тогтолцоо боловсронгуй болж, Хууль дээдлэх ёсны зарчимд нийцсэн ахиц дэвшил гарч, хүний эрх, эрх чөлөө хамгаалагдахаас гадна Прокурорын байгууллагад өгөх иргэдийн үнэлгээ өсч, тус байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа бэхжиж, иргэдэд хүрэх үйлчилгээ чанаржих аж. Мөн Эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх ажлын чанар, энэ чиглэлийн хууль хэрэгжүүлэх байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирч, Прокурор чиг үүргээ гүйцэтгэх нөхцөл, баталгаа, цалин хөлс, урамшил сайжрах юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж хариулт авч байна.
Тухайлөал, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, “Прокурорын байгууллагын ажилтнуудын цалин хангамжийн асуудал хөндөгдсөн. Өнөөгийн нөхцөлд шүүхийнхний цалин нэлээд өндөр байдаг. Прокурорын цалин хангамжийн асуудал дээр ямар байр суурьтай байна вэ? Энэ талын асуудал хуулинд яаж суусан бэ?
Хууль зүйн сайд Д.Дорлигжав, “Прокурорын байгууллагын ажилтнуудын нийгмийн хангамжийн асуудалд УИХ анхаарал хандуулахыг хүсч байна. Нэг салбарынхны цалин хөлсөн дээр ялгаварлаж өрсөлдүүлэх байгаа юм биш. Гэхдээ энэ бол бодлогын алдаа. Өмнө нь хүчний байгууллагынхны цалин хөлс, боловсон хүчний бодлого дээр тэнцвэртэй бодлого барьж ирсэн байдаг.
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, “Хүйсийн харьцааны хувьд 70 хувь нь эмэгтэйчүүд. Өмнө нь 90 хувь нь эмэгтэйчүүд байсан. Сүүлийн жилүүдэд хүйсийн хувьд тэнцвэржүүлэх бодлого барьж ажиллаж байна. Үүний үр дүнд 30 хувь нь эрэгтэйчүүд болсон. Боловсролын асуудалд анхаарч ажиллаж байна. Удахгүй Францын мэргэжилтнүүд ирж сургалт явуулна. Цаашид прокуроруудыг гуравдагч орнуудад магистр хамгаалуулна.”
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Хуулийн өөрчлөлттэй холбоотой прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба байгуулах гэж байна гэсэн хардлага байна. Би сайн уншлаа. Ийм алба байгуулахгүй юм байна гэж ойлголоо. Үүнд хариулт өгөөрэй. Нийтийн өмчийн байшин барилга үрэгдчихээд байхад прокурор чимээгүй байсаар байгаа. Энэ тал дээр санаачилга гаргаж ажиллаарай. Эвлэрүүлэн зуучлахаар ял завших боломжийг олгоод байна уу, энэ талаар судална биз?
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, “Мөрдөх байцаах албыг байгуулахгүй. Нийтийн эрх ашгийг хамгаалах тал дээр хуулинд тусгаж, хэрхэн яаж энэ эрх ашгийг хамгаалах вэ гэдгийг зааж өгсөн. Эвлэрлийн зуучлал ял завшуулж байгаа асуудал бий. Цаашид үүн дээр анхаарч ажиллана” хэмээн хариуллаа.
Ерөнхий прокурор 1.1 сая төгрөгийн цалинтай бөгөөд бусад прокурорууд үүнээс илүү бага цалинтай юм байна.
Прокурорын байгууллагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг асуулт хариултаар үргэлжилж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)